Мьянмарын “Рохинжчуудыг аврах Араканы арми”-ийн босогчид Ракхайн (Аракан ч гэдэг) муж дахь буддын шашны хэд хэдэн хийдийг шатааж, хөшөө дурсгалыг сүйтгэж байгаа тухай тус улсын Засгийн газрын “Global new light of Myanmar” сонин мэдээлжээ. Босогчид, цэргийнхэн хоорондын мөргөлдөөн хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа гэнэ. Үүний сацуу Бангладештэй залгаа хилийн томоохон хэсгийн хаалтыг нураасан байв. Байдал тогтворгүй байгаагийн улмаас 400 гаруй дунд сургуулийг хаажээ.
Террорист байгууллага гэж Мьянмарын эрх баригчид үздэг “Рохинжчуудыг аврах Араканы арми”-ийн хэдэн зуун босогч өнгөрсөн сарын 25-нд цагдаагийн 30 хэсэг рүү халдсанаас хойш Ракхайн мужийн байдал эрс хурцадсан аж.
Тус улсын баруун нутагт буддын болон исламын шашинтнууд хооронд болсон мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүний тоо 400 давжээ. Амь үрэгдэгсдийн олонх нь рохинж босогч гэнэ. Ракхайн муж дахь 2600 гаруй байшинг галдан шатаасан бол тэндээс 38 мянга орчим хүн Бангладеш рүү дүрвэсэн байна.
Рохинжчууд Мьянмар болон Бангладешийн нутаг дэвсгэрт голдуу оршин суудаг үндэстний цөөнх юм. Мьянмарын 55 сая хүн амын 800 мянга орчим нь рохинжчууд. Тэдний олонх нь исламын суннит урсгалыг шүтдэг. Гэтэл Мьянмарын хүн амын бараг 90 хувь нь буддын шашинтан. Ракхайны рохинжууд өөрсдийгөө Мьянмарын уугуул үндэстний нэг гэж үздэг. Тэгвэл нийслэл Нейпьидо хотынхон тэднийг салан тусгаарлах үзэлтнүүд, эсвэл Бангладешийн дүрвэгчид хэмээдэг аж.
Мөн мөргөлдөөнд хэлмэгдсэн рожинжчуудад нэн түрүүнд шаардлагатай эд зүйл, ус, эм бэлдмэл нийлүүлэх гэсэн НҮБ-ын тусламжаас Нейпьидо татгалзжээ. Олон улсын хамтын нийгэмлэг мөргөлдөөнийг нэр мөр зохицуулахыг Нейпьидод уриалсан байна. Өнгөрсөн сард болсон мөргөлдөөний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Мьянмарын дүрвэгсдийг хүлээж авдаг уламжлалаа үргэлжлүүлэхийг Бангладешийн эрх баригчдад уриалжээ.
Тус улсад болсон мөргөлдөөнийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан, Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон нар эрс шүүмжилсэн байна.