Америк тивийг 1492 онд нээсэн Кристофер Колумбын (1451-1506) хөшөөг буулгах асуудлыг Нью-Йорк хотын дарга Билл де Блазио хэлэлцэхээр болжээ. Хотын захиргааны энэхүү мэдэгдэл нь хэд хоногийн өмнө хотын зөвлөлийн дарга Мелисса Марк Виверито болон Ардчилсан намын бусад төлөөлөгч хамтран Нью-Йоркт зохион байгуулсан цуглааны үеэр дэвшүүлсэн саналын хариу болжээ.
Уг хөшөө олон хүнийг, тэдний дотор Карибаас гаралтай Б.Сарле шиг хүмүүсийг доромжилсон болох учир буулгахыг М.Виверито санал болгожээ.
Үүнээс өмнө хотын дарга Билл де Блазио 90 хоногийн дотор Нью-Йорк дахь бүх хөшөөг шалгах үүрэг өгсөн гэнэ. Уг ажлын хүрээнд хөшөө болгоныг үзэн ядах үзэл үүсгэх, эсэхийг магадлах аж. Дээрх шийдвэрийг Америкийн Иргэний дайны үед (1861-1865) Өмнөд мужуудын холбооны талд тулалдсан хүмүүст зориулан босгосон хөшөө дурсгалыг буулгах өргөн хүрээтэй кампанит ажил өрнөсөнтэй холбогдуулан гаргасан байна. Энэ бүхэн Шарлотсвиллд болсон хэрэг явдалтай холбоотой юм. Тэнд генерал Роберт Лигийн хөшөөг буулгах шийдвэрийг хотын эрх баригчид гаргасны дараа буюу энэ сарын 12-нд хэт барууны үзэлтнүүд болон тэднийг эсэргүүцэгчдийн хооронд ширүүн мөргөлдөөн болсон билээ. Эмх замбараагүй байдлын үеэр 32 настай нэг эмэгтэй амиа алдаж, 19 хүн гэмтжээ. Үүний сацуу америкчуудын олонх буюу 62 хувь нь хөшөө дурсгалуудыг буулгахыг эсэргүүцсэн байна. Үүнийг “Marist institute for public opinion” судалгааны албанаас явуулсан санал асуулгын дүн нотолжээ.
Хөшөө дурсгал буулгахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп буруушаасан юм.