Хөдөө орон нутгаас оюутан сурагчид хичээл, сургуульдаа орохоор ирж, зах, үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлж буй хүмүүсийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдлээ. Энэ үед хулгай, тэр дундаа халаасны хулгайн гэмт хэрэг огцом өсдөг гэсэн судалгаа байдаг юм билээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд хулгайн 5200 хэрэг гарсан.
Үүний 65.6 нь халаасны хулгайнх бөгөөд 97.6 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгджээ. Халаасны хулгайчдын арга нь нарийсаж, бэлэн мөнгө их хэмжээгээр авч яваа хүнийг даган хил давах тохиолдол гарч байна. Наймаачид, эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлтгэхээр Эрээнийг зорьж буй. Их хэмжээний бэлэн мөнгөтэй яваа тэднийг халаасны хулгайчид дагаж яван ангуучилж байгаа аж.
Тиймээс НЦГ-ынхан тусгай ажиллагаа явуулж, хэд хэдэн хулгайчийг үйлдэл дээр нь баривчилжээ. Хулгай хийдэг нэг бүлэг л гэхэд нэгэн иргэний 6000 юанийг хулгайлж байсан аж. Мөн хүн ихтэй байгаа томоохон худалдааны төвүүдэд халаасны хулгайч нар үүрлэж, иргэдийг хохироож байна.
Тухайлбал, “И-март” худалдааны төвд дөрвөн хүүхэд нийлж, хүмүүсийн халаасыг ухаж, гар утас, мөнгийг нь авч байгаад баригджээ. Энэ мэтээр халаасны хулгайчдын үйлдэл арга нарийсаж байгаа тул орон нутгаас ирж буй иргэд, оюутан сурагчид, эцэг эхчүүд худалдаа үйлчилгээний газар, зах, дэлгүүрээр явахдаа анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас санууллаа.