“Forbes” сэтгүүл Эмма Стоуныг дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчнээр зарлажээ. “Ла-Ла Лэнд” киноны од 2017 онд 26 сая ам.долларын орлого олсон үзүүлэлтээр тус сэтгүүлээс гаргасан жагсаалтыг тэргүүлсэн байна. Түүний ард орсон, өдгөө 48 настай жүжигчин Женнифер Энистон 25.5 сая долларын орлого олжээ. Тэрбээр Э.Стоунаас ялгаатай нь кино прокатын орлогоос хувь авдаг төдийгүй “Emirates airlines”, “Smart water”, “Aveeno”, “Living рroof” зэрэг компанитай зар сурталчилгааны гэрээ байгуулан ажилладаг байна. “Найзууд” цуврал киноны од Женнифер Энистон хувьцааных нь тодорхой хувийг эзэмшдэг “Living Proof” компанийг 2016 онд худалдсан аж. Гэхдээ эндээс ямар ашиг олсон нь тодорхойгүй байна.
Америкийн жүжигчин Женнифер Лоуренс өнгөрсөн онд 24 сая долларын орлоготой ажиллаж, гуравдугаарт оржээ. Мелисса Маккарти 18 сая долларын орлого олж, дөрөвдүгээрт, виски сурталчилдаг Мила Кунис (15.5 сая доллар) тавдугаарт бичигджээ. “Forbes” сэтгүүлийн үнэлгээгээр, дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 эмэгтэй жүжигчин 2016 оны зургадугаар сарын 1-нээс 2017 оны зургадугаар сарын 1-ний хооронд 172.5 сая долларын орлого олсон аж. Энэ нь өнгөрсөн оны 205 сая долларын үзүүлэлтээс 16 хувиар доогуур байгаа юм. “Ла-Ла Лэнд” киноны Миагийн дүрээр Эмма Стоунд АНУ-ын “Алтан бөмбөрцөг”, “Оскар”-ын шагнал хүртсэн юм. Үүнээс өмнө түүнийг “Birdman” кинонд бүтээсэн туслах дүрээр нь Америкийн кино академийн шагналд дэвшүүлж байжээ.