Хятадаас БНАСАУ-д нийлүүлдэг хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн саруудад эрс нэмэгджээ. БНХАУ-ын Гаалийн удирдах газраас ийн мэдээлснийг “South China morning post” сонин дамжууллаа. Тухайлбал, хоёрдугаар улиралд БНАСАУ-д нийлүүлсэн Хятадын эрдэнэ шишийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бараг 32 дахин нэмэгдэж, 400-гаас 12.72 мянган тонн болжээ. Гадил 63.4-өөс 1.16 мянга, гурил 0.6-гаас 7.6 тонн болж нэмэгдсэн байна. Согтууруулах ундааны экспорт дөрөв дахин нэмэгдэж, 9.5 сая тоннд хүрчээ. Экспортод гарч буй талх, чихрээс эхлээд шар айраг, шоколад зэрэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл ч өргөжсөн гэнэ.
“Энэ нь Умард Солонгосын зах зээлийн эрэлт нэмэгдсэний үр дүн байж болох юм. Тус улсын эдийн засаг аажмаар сэргэж, хар захын худалдаа цэцэглэж байна” гэж Шанхайн Фуданийн их сургуулийн хоёр талын харилцааны шинжээч Цай Зянь үзэж байна. Тэрбээр “Энэ нь БНАСАУ-ын тал бусад улсаас бараа чөлөөтэй импортлох боломжгүй болсон нөхцөлд Бээжингээс Пхеньян улам бүр хараат болж буйг харуулж байна” гэжээ.
Бүтээгдэхүүн нийлүүлэлт нэмэгдсэн нь Умард Солонгосын ард түмний амьжиргааны түвшин дээшилснийг илтгэх албагүй гэж Австралийн Сиднейн их сургуулийн мэргэжилтэн Жастин Хастинг үзэв. Эдгээр бүтээгдэхүүн цэргийнхэн болон Пхеньяны эрх баригчдад зориулагдсан гэдэгт тэрбээр итгэлтэй байна.
Саяхан олон улсын хамтын нийгэмлэг БНАСАУ-д авсан хориг арга хэмжээгээ чангатгасан нь тус улсад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхэд нөлөөлөхгүй юм.