АНУ-ын Өмнөд Каролинад алба хашдаг эргүүлийн цагдаа Куйнси Смит үүргээ гүйцэтгэж яваад буудуулж, хүнд шархадсан юм. Тэрбээр нэгэн дэлгүүрт хулгайн хэрэг гарсан дуудлага хүлээн авч, улмаар сэжигтнийг саатуулах оролдлого хийгээд дөрвөн удаа буудуулжээ. Энэ хэрэг өнгөрсөн оны нэгдүгээр сард болсон бөгөөд цагдааг буудсан хэрэгтэн Малколм Орр саяхан шүүхээс 35 жилийн ял авчээ.
Өмнөд Каролина мужийн цагдаагийн алба хаагчид биедээ камер авч явах ёстой ч цагдаагийн газраас төсөвт илүү мөнгө тусгаагүй тул цагдаа нарыг камераар хангаагүй гэнэ. Харин К.Смит өөрөө "Амазон" дэлгүүрээс 30 доллароор камер худалдаж авсан нь ийнхүү хэргийн нотлох баримт болжээ.
Шүүх хурал дууссаны дараа болсон үйл явдлын бичлэгийг Youtube сайт дээр байршуулсан байна. Нийт 19 минут үргэлжлэх уг бичлэгт Смит дөрвөн удаа буудуулж, гарандаа хүнд шархадсан үйл явц бүтнээрээ гардаг юм.