АНУ-тай тэмцэхийн тулд Ардын армид сайн дураар элсэх хүсэлтээ БНАСАУ-ын 3.5 сая орчим иргэн илэрхийлжээ. Энэ бол гурав хоногийн хугацаанд хүсэлтээ илэрхийлсэн хүний тоо болохыг тус улсын “Нодон синмүн” сонин мэдээлсэн байна. Тодруулбал, тус улсын армид сайн дураараа элсэх хүсэлтийг энэ сарын 9-нөөс авч эхэлжээ.
Гуам арал дахь АНУ-ын цэргийн объектуудад пуужингийн цохилт түрүүлж өгч чадахаа Умард Солонгосын Ардын арми харуулахад бэлэн гэдгийг тус улсын Төв цахилгаан мэдээний агентлаг мөн өдөр уламжилсан. Армид элсэх хүсэлтээ тус улсын Хөдөлмөрийн намын гишүүн, жирийн ажилчин, залуус гаргажээ. “Америкчууд манай улсад, Солонгосын хойгийн газар нутагт хуруугаа ч хүргэж чадахгүй” гэж дээрх сонины мэдээлэлд дурдсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Вашингтон, Пхеньян хоёр бие бие рүүгээ дайрч давшилсан мэдэгдлийг хэд хэдэн удаа хийсэн. Үүний оронд харилцан заналхийлэхээ зогсоож, байдлыг намжаахыг АНУ болон Умард Солонгост Хятадын ГХЯ уриалав. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуаны хийсэн мэдэгдэлд “Солонгосын хойгийн байдал одоо маш эмзэг, хаашаа ч эргэж болзошгүй” гэжээ. Хятадын Коммунист намын харьяа “Global Times” сонины тоймчийн буланд “Хэрвээ Умард Солонгос АНУ-ын нутаг дэвсгэр рүү пуужин харваж, АНУ хариу ажиллагаа явуулбал Хятад улс төвийг сахьсан байр сууриа хадгалах хэрэгтэй болно.
Гэхдээ АНУ болон Өмнөд Солонгос БНАСАУ-ын дэглэмийг түлхэн унагах оролдлого хийхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Хятад улс авахад хүрнэ” гэсэн байна. Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа Солонгосын хойгийн байдлыг хурцатгахаас зайлсхийхийг уриалав. Үүний сацуу Номхон далайн баруун хэсэгт орших, АНУ-ын Гуам арал руу пуужин харвана гэж Умард Солонгос заналхийлсэнтэй холбогдуулан Японы БХЯ улсынхаа баруун нутагт пуужин амдан сөнөөх системүүд байрлуулжээ.
Пхеньяны мэдэгдсэнээр “Пуужингууд нь Гуамын ойролцоох усанд газардахаасаа өмнө Японы Шиманэ, Хирошима болон Кочи мужийн нутаг дээгүүр өнгөрнө. Пуужин харвах төлөвлөгөөг энэ сарын дундуур хэрэгжүүлэхэд бэлэн болно” гэсэн билээ. “PAC 3” системийг байрлуулах ажлыг хариуцсан Японы Өөрийгөө хамгаалах хүчний Агаарын цэргийн хүчнийхэн дээрх гурван мужид болон Эхимэ мужид очсон байна. Тус хүчнийхэн Умард Солонгосыг 24 цагийн турш ажиглаж байгаа аж. Мөн Японы Тэнгисийн цэргийн хүчнийхэн Япон тэнгис рүү пуужин сөнөөгч хөлөг онгоц илгээжээ. Уг хөлөг онгоцыг баллистик пуужин илрүүлэгч “Aegis” радарын системээр тоногложээ.