Их Британийн шүүх англи хэл мэдэхгүй хятад иргэнээс гэрчийн мэдүүлэг авахын тулд Google Translate ашигласан байна. Тэд Хятадын иргэн Шиу Пин Янгаас мэдүүлэг авахдаа орчуулагч авчрахыг тооцоолоогүй аж. Нөхцөл байдал хэцүүдсэн ч хуульч Жоан Смит нэгэн санаа гаргасан нь утсандаа Google Translate ашиглаж, гэрчээс мэдүүлэг авахыг санал болгожээ. Тэрбээр сэтгүүлчдэд энэ талаар "Орчуулагч хэрэг болно гэж хэн ч тооцоолоогүй. Тиймээс шүүх хурлыг хойшлуулахгүйн тулд Google Translate ашигласан юм. Бид ойлголцож чадсан ч багагүй хугацаа шаардлагатай байлаа" гэж ярьжээ.
Янгийг хүнсний эрүүл ахуйн хуулийг зөрчсөн хэргээр Их Британийн шүүхэд дуудсан юм. Тэрбээр Хойд Ёорширийн Эстон дүүрэгт хоолны газар ажиллуулдаг аж.
Гэвч түүнтэй бүрэн ойлголцож чадаагүй тул шүүх хурлыг ирэх сард болохоор хойшлуулсан байна. Шүүх хурал дээр яагаад орчуулагч хөлслөөгүйг сэтгүүлчид тодруулсан боловч албан ёсны хариулт өгөөгүй гэнэ.