БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сычуань мужид газар 7.0 баллын хүчтэй хөдөлсний улмаас 19 хүн, тэдний дотор зургаан жуулчин амиа алдаж, 247 хүн гэмтэн, 24 мянган барилгад нуралт үүссэн тухай тус улсын төв телевиз мэдээллээ. Газар хөдлөлтийн дараа 770 гаруй удаагийн чичирхийлэл бүртгэгдсэн гэнэ. Байгалийн гамшгийн голомт нь жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй Зюжайгоу хошуун дахь үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд 20 км-ийн гүнд бүртгэгджээ. Энэ газар нь мужийн төв Чэнду хотоос баруун хойш 300 орчим км-ийн зайд оршдог. Зюжайгоугийн хүрээлэн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан бөгөөд зун болон намрын улиралд жуулчдын хөл хөдөлгөөн ихэсдэг газруудын нэг аж. 210 мянга орчим оршин суугчтай дүүрэгт эрэн хайх, аврах ажил өрнөж байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, тус хошуунаас 30 мянга гаруй жуулчныг нүүлгэн шилжүүлжээ.
Гамшгийн бүсэд оршдог, 2000 орчим хүн буусан “Тяньтан” зочид буудлын нэг хэсэг нь нурсан бөгөөд тэндээс 500 хүнийг нүүлгэсэн гэнэ. Уулархаг газарт оршдог уг зочид буудал руу хүрэх зам чулуунд дарагдсан тул очиход хүндрэлтэй байгаа аж. Буудлын барилгын нурангид хэдэн зуун хүн даруулж, амиа алдсан байж болзошгүй гэнэ.
Хятадын ардын чөлөөлөх армийн 440 цэрэг, офицер болон 12 нисдэг тэрэг гамшгийн бүсэд ажиллаж байна. Тус улсын дарга Си Зиньпин хүмүүсийг аварч, байгалийн гамшгийн уршгийг багасгахын тулд бололцоотой бүхнийг хийх үүрэг өгчээ.
Хөрш Хятадад болсон хүчтэй газар хөдлөлт Казахстаны Алматы хотод мэдэгдсэн тухай тус улсын “Казинформ” агентлаг дамжуулав.
Сычуань нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог муж юм. Тэнд сүүлийн жилүүдэд олон хүний аминд хүрсэн газар хөдлөлт нэг бус удаа болсон билээ. Тухайлбал, 2008 онд тус мужид газар 8.0 баллын хүчтэй хөдөлж, 69 мянга гаруй хүн амиа алдан, 17 мянга орчим хүн сураггүй болж байв.
Мөн 2013 оны дөрөвдүгээр сард газар 7.0 баллын хүчтэй хөдөлсний улмаас 200 орчим хүн амиа алдаж, 13 мянга гаруй хүн гэмтэж байжээ.