1990-ээд оноос үйл ажиллагаагаа явуулж буй Эстонийн мафийн гурван гишүүнийг Испанид саатуулжээ. Тэднийг Эстонийн Засгийн газрын хүсэлтийн дагуу тус улсад баривчилсан байна. Саатуулагдсан иргэдийн дунд мафийн толгойлогч 57 настай Вячеслав Гулевич байсан юм.
Сэжигтнүүдийг баривчилсан даруйдаа олон улсын хар тамхины наймаачдыг саатуулах байранд хорьсон байна. Гэмт бүлэглэлийн гишүүдийг удахгүй Эстони улсад хүлээлгэж өгнө.
Испанийн хууль сахиулагчид тэдний нэр дээр байсан үл хөдлөх хөрөнгө, автомашин болон бэлэн мөнгийг хурааж авахаар болжээ.
Эстонийн сонинд бичсэнээр бол Гулевич ОХУ-ын Кемерово хотод төрсөн. Түүнийг 2000 оны дунд үеэс Николай Таранковын дараа орох Эстонийн гэмт бүлэглэлийн нөлөө бүхий толгойлогч гэж үзэж байв. Н.Таранков өнгөрсөн оны есдүгээр сард амиа алдсаны дараа Гулевич хамгийн том босс нь болжээ. Тэрбээр 2005-2010 онд хүчирхийлэл үйлдсэн хэргээр шоронд хоригдсон билээ.