НАСА нэгэн ажлын байрандаа нээлттэй зар түгээсэн талаар бид мэдээлж байсан. Дэлхийг хамгаалагч гэсэн өргөн агуулга бүхий “том” нэртэй уг албанд томилогдохын төлөө Жек Дэвис хэмээх америк жаал нэрээ дэвшүүлэн, хүсэлт гаргажээ. Тэрбээр “Би хэдийгээр есөн настай ч гэсэн энэ ажилд тохирно гэж бодож байна. Учир нь миний эгчийн хэлснээр би харь гаригийн хүн. Үүнээс гадна би өөр ертөнцийнхний тухай олон кино үзсэн. Мөн би залуу байна. Тиймээс яг л харь гаригийнхан шиг бодож, сэтгэж сурахад хугацаа хангалттай” гэж өөрийгөө тодорхойлжээ. Дэвис өдгөө дөрөвдүгээр ангид сурдаг, цахим тоглоомонд нугасгүй гэнэ.
НАСА-гийн Дэлхийн шинжлэх ухааны тэнхимийн захирал Жеймс Грин хүүд хариу захидал илгээж “Дэлхийг хамгаалагч офицерын алба бол их чухал, хариуцлагатай. Бид хэзээ нэгэн цагт НАСА-гийн байранд уулзана гэдэгт итгэж байна. Тэр болтол Дэвис хүү минь хичээнгүйлэн сурч, сургуулиа амжилттай дүүргээрэй” гээд эл албанд томилогдох хүн дэлхийг харийнхны дайралтаас бус, сансрын бусад нөхцөл байдалд цэнхэр гаригийн биологийн хүчин зүйлүүдийг хамгаалахад анхаарах ёстойг тайлбарлаж, дэлхийг хамгаалагч болохын тулд өндөр хариуцлагатай албанд нэгээс доошгүй жил ажилласан туршлагатай байх ёстойг учирлажээ.