Италийн орон нутгийн хэвлэлээр Сицилигийн байгаль орчинд 2013-2015 оны хооронд гарсан галын шалтгааныг санаатай тавьдаг байсан гэж үзэж буй талаар мэдээлжээ. Энэ хэрэгт холбогдуулж, тухайн үед сайн дураараа гал унтраадаг байсан 15 хүнийг саатуулсан байна. Италийн Засгийн газраас сайн дураараа гал унтраасан иргэнд цагт 10 евро буюу 11.80 ам.доллар төлдөг байсан тул ийм хэрэг гарах болсон гэнэ.
Уг хэргийн толгойлогч нь 42 настай Давид ди Вита байжээ. Тэрбээр ойд өөрийн машинтайгаа явж, гал тавьдаг байсан бөгөөд үүнийхээ албаны хүмүүсийг дуудаж, бүртгүүлээд гал унтраах ажил хийдэг байсан бололтой.
Хуурамч гал унтраагчид өөрсдөө дуудлага өгдөг байснаас гадна гэр бүл, найз нөхдөөсөө тусламж авдаг байжээ.
Мөрдөн байцаалтын явцад ихэнх сэжигтнүүд хэргээ хүлээсэн гэнэ. Одоо Давид ди Витагаас гадна 14 хүнийг саатуулаад буй.
Сонирхуулахад, өнгөрсөн ням гаригт Сицилид дахин гал гарсан. Орон нутгийн гал унтраах анги чадах чинээгээрээ ажиллаж байгаа боловч галыг бүрэн унтрааж чадахгүй байгаа юм. Одоогоор 700 гаруй нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.