Дайн дэгдээхийг хүсээгүй бол Хятадын нутаг дэвсгэрээс Энэтхэг улс цэргээ татах ёстой гэж БНХАУ-ын БХЯ-ны Аюулгүй байдлын асуудлаарх олон улсын хамтын ажиллагааны төвийн тэргүүн, ахлах хурандаа Жоу Бо мэдэгджээ. Доклам тэгш өндөрлөгийн байдал улам түгшүүртэй болсон асуудлаар телевизийн CGTN сувгаас зохион байгуулсан мэтгэлцээнд Жоу Бо, Энэтхэгийн чөлөөнд гарсан хошууч генерал Ашок Мехта нар оролцсон аж.
Хятадын хэвлэлүүдэд Энэтхэгийн тухай хурц нийтлэлүүд гарч, хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдэж болзошгүй тухай бичин, манай улс (Энэтхэг)-ыг сөргөлөөнд турхирч байна гэж А.Мехта энэ үеэр мэдэгджээ.
“Дайн дэгдээхийг хүсээгүй бол манай нутаг дэвсгэрээс гарах ёстой” гэж Хятадын цэргийн төлөөлөгч хариуд нь хэлсэн байна. Үүний хариуд Энэтхэгийн төлөөлөгч хэлэхдээ “Доклам тэгш өндөрлөг нь маргаантай газар нутаг” гэхэд, Жоу Бо “Бутан улс 24 удаагийн хэлэлцээнд оролцсон. Энэ газрыг Хятадын нутаг дэвсгэр гэдэгтэй огт маргаж байгаагүй” хэмээн мэдэгджээ.
Хятад, Энэтхэг, Бутаны хилийн уулархаг хэсэгт орших Доклам тэгш өндөрлөгийг тойрсон Хятад, Энэтхэг хоорондын түгшүүртэй байдал өнгөрсөн зургадугаар сард үүссэн юм. Уг тэгш өндөрлөгийг дайруулан Хятадын ажилчид авто зам тавих ажлаа эхэлсэн нь бутанчуудын эсэргүүцэлтэй тулгарчээ. Хэдэн өдрийн дараа Бутантай найрсаг харилцаатай Энэтхэгийн цэргийн алба хаагчид улсын хилээ хаасны дараа Доклам орчмоос Хятадын цэргийнхнийг хөөж, тэнд богино хугацаанд жижиг мөргөлдөөн үүссэн юм.
Дараа нь БНХАУ-ын ГХЯ-ны мэдээлснээр, замын барилгын ажил хийж байсан газар нь Хятадын цэргийн хяналтад байдаг гэжээ. Ингээд тус улсын ГХЯ болон БХЯ нутаг дэвсгэрээс нь цэргээ татаж, түгшүүртэй байдлыг хурцатгахгүй байхыг Энэтхэгт удаа дараа уриалж буй юм.
Хятадын Ардын чөлөөлөх армийн 90 жилийн ойг тохиолдуулын тус улсын дарга Си Зиньпин үг хэлэхдээ “Бээжин энх тайван байдал, яриа хэлэлцээ хийх талыг баримталдаг, түрэмгийлэгч, эсвэл булаан эзлэгч болохгүй” хэмээн мэдэгдсэн. Гэхдээ тэрбээр улсынх нь газар нутгаас өчүүхэн хэсгийг авахыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн билээ.