Японы Ерөнхий сайд Шинзо Абэд амаргүй үе тулгарч, нэр хүнд нь эрс унаж, түүний удирдах чадваргүйд итгэдэг хүний тоо өсчээ. Сүүлд явуулсан санал асуулгаас үзвэл, дэмжигчдийнх нь тоо 30 хувь болтлоо буурав. Энэ долоо хоногт тэрбээр парламентдаа “байцаагдана”. Найздаа туслахын тулд нэр нөлөөгөө ашигласан хэмээн Ш.Абэг буруушааж буй аж.
Ерөнхий сайд гэм буруугүй гэдгээ мэдэгдсэн ч түүнийг байнга буруушааж буй нь ирээдүйд нь сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Тэрбээр анх удаа шүүмжлүүлж байгаа юм биш. 2006-2007 онд Ерөнхий сайдын албыг хашсаныхаа дараа тэрбээр 2012 онд эргэн сонгогдож, Японы эдийн засгийг олон жил үргэлжилсэн зогсонги байдлаас гаргахаа амласан билээ. Түүнийг ирэх жил улиран сонгогдож, дайнаас хойш хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд болно хэмээж байсан юм.
Шүүмжлэгчдийнх нь нотолж буйгаар, мал эмнэлгийн хувийн сургууль нээх зөвшөөрөл найздаа олгохын тулд Ш.Абэ эрх мэдлээ ашиглажээ. Ерөнхий сайдын шахалтаар зөвшөөрөл олгосон хэмээн Боловсролын яамны ажилтан асан мэдүүлснээс хамаг хэрэг мандсан аж. Тийм сургууль огт хэрэггүй хэмээн үздэг эрх баригчдын байр суурь нь зөвшөөрөл олгосон явдалтай зөрчилдсөн юм. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Японд тийм зөвшөөрөл нэгийг ч өгөөгүй гэнэ.
Тэрчлэн өнгөрсөн гуравдугаар сард хувийн бага сургууль маш хямд үнээр газар худалдан авчээ. Урьд нь энэ сургуулийн хөтөлбөрийг хэт үндсэрхэг агуулгатай хэмээн шүүмжилж байсан юм. Тус сургуулийн удирдах зөвлөлд гэргий нь багтдагаас Ш.Абэ шүүмжлэлд өртсөн билээ. Түүний гэргий нөхрийнхөө нэрийн өмнөөс их хэмжээний хандив өргөснийг захирал нь мэдүүлэг өгөхдөө хэлсэн байна. Энэ дуулиан олны сонорт хүрснээр Ерөнхий сайдын нэр хүнд унасан юм.
Мөн түүний дэвшүүлсэн санаачилгууд олны дургүйцлийг хүргэж байна. Японы Засгийн газар 2015 онд батлан хамгаалах бодлогодоо өөрчлөлт оруулсан нь Ш.Абэгийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн билээ. Шинэчлэл хийснээр Өөрийгөө хамгаалах хүчнийг хилийн чанадад болж буй байлдааны ажиллагаанд оролцох боломжийг нээсэн юм. Дэлхийн II дайнаас хойш анх удаа тийм зөвшөөрөл олгосон нь Үндсэн хуультай нь зөрчилдсөн билээ.
Үүний сацуу сөрөг хүчнийхэн нь эсэргүүцсэн хэдий ч энэ онд терроризмтой тэмцэх хууль хүчин төгөлдөр болсон. Энэ нь иргэний эрх чөлөө хязгаарлана гэж хуулийг эсэргүүцэгчид үзэж байна.
Аюулын түвшнийг албан ёсоор өндөржүүлсэн Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд Японы цэрэг оролцож байгаа тухай баримтыг нуун далдлах гэсэн Батлан хамгаалахын сайд Томоми Инадаг тойрсон дуулиан галд тос нэмсэн хэрэг болжээ. Нууцалсан мэдээлэл байхгүй хэмээн Засгийн газар ч, сайд ч мэдэгдсэн. Гэвч шүүмжлэгчид энэ хэрэг явдлыг эрх баригчид, иргэд хоорондын харилцаа хангалттай ил тод бус байгаагийн бас нэг нотолгоо хэмээжээ.
Ерөнхий сайдын нэр хүнд унаснаас түүний тэргүүлдэг нам Токио болон Сендай хотын сонгуульд ялагдахад хүрсэн гэнэ. “Йомүри шимбүн” сонины долдугаар сарын дугаарт нийтлэгдсэн материалд “Засгийн газар “их зан”-гаа татахгүй бол иргэдийнхээ итгэлийг сэргээж чадахгүй” гэсэн байв. Ш.Абэ гурав дахь удаагаа Ерөнхий сайдаар ажиллах боломжтой, эсэх талаар Японы мэдээллийн хэрэгслүүд тус тусын таамгаа дэвшүүлсээр байна.
Ирж буй шахалт маш хүчтэй байгаа учир Шинзо Абэ Сайд нарын танхимдаа энэ зун томоохон халаа, сэлгээ хийхээр төлөвлөж байгаагаа хэдийнэ мэдэгджээ.