“Обамагийн халамж” гэгддэг эрүүл мэндийн хөтөлбөрийг “цуцлах болон орлох” тухай АНУ-ын Бүгд найрамдах нам, Дональд Трампын Засгийн газрын санаачилга тус улсын Конгрессын Сенатын танхимын дэмжлэгийг авч чадаагүй байна. Барак Обама Ерөнхийлөгч байхдаа баталсан шинэчлэлийн хөтөлбөрийн олон заалтыг цуцлах хуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин сонгогдсон хэдэн гишүүн гарын үсэг зурахаас татгалзжээ. Яагаад татгалзсан, юуны учир тус намынхан санал нэгдэж, мөн дэмжлэг авч чадаагүй нь Д.Трампын Ерөнхийлөгчийн засаглалын цаашдын хувь заяанд хэрхэн нөлөөлөх бол?
ЦАГАА ОЛООГҮЙ НАЙР
Б.Обамагийн үед баталсан Эрүүл мэндийн хуулийг орлох уг төсөл Конгрессын Төлөөлөгчдийн танхимынхны дэмжлэгийг авсан ч Сенатад гацаад байна. Өмнөх Төрийн тэргүүний санаачилсан хуулийг цуцлахыг дэмжигчдийн нэг, Сенатын олонхын удирдагч Митч Макконнелл шинэ хуулийг аль болох түргэн батална хэмээн найдаж байв. Яарсны улмаас түүний нам нэгт нөхөд шинээр батлах баримт бичгийг уншиж, танилцаагүйгээ хүлээн зөвшөөрчээ. “Нарийн ширийн нь нууц учир хуулийн төслийн эхтэй танилцсан нэг ч америктай тааралдаагүй” гэж сенатч Жон Маккейн хэлсэн байна.
Конгрессын доод танхимд байгуулсан улс төрийн ялалтаа бүгд найрамдахчууд Сенатад давтаж чадахгүй нь бүр зургадугаар сард л ойлгомжтой байлаа. Хангалттай дэмжлэг авч чадаагүйн улмаас санал хураалт хойшлогдсон төдийгүй Бүгд найрамдах нам дотроо хагарсан нь ажиглагдсан юм.
Хуулийн төслийг байгаагаар нь батлахаас ардчилсан намынхан бүгд (Сенат тэд 48-уулаа), бас бүгд найрамдахчуудын зарим нь ил тод татгалзсан. Тэдний дунд Рэнд Пол, Сьюзан Коллинз нарын алдартай зүтгэлтэн байв. Сүүлийн санал хураалтын үеэр тэдэнтэй сенатч Жерри Моран, Майк Ли нар нэгдсэнээр баримт бичиг одоогийнхоороо батлагдах найдварыг эцэслэн булшилжээ. Сенатын танхимын 100 суудлын 52-ыг эзэлсэн бүгд найрамдахчууд хоёр л санал алдах эрхтэй байсан юм.
Байдал ингэж эргэсэн нь Бүгд найрамдах намын хувьд ч, Цагаан ордны хувьд ч гэнэтийн үйл явдал болсон. Хуучин хуулийг цуцлахгүйн төлөө саналаа өгнө хэмээн Ж.Моран, М.Ли нар мэдэгдэх үед хамгийн хуучинсаг үзэлтэй бүгд найрамдахчуудын бүлэгт Цагаан ордонд оройн тусгай зоог барьж байв. Хуулийн төслийг батлуулахын тулд зохион байгуулсан хүлээн авалт тэр хоёрын эсэргүүцлийн улмаас ач холбогдолгүй болж хувирсан аж. CNN телевизийн эх сурвалжийн мэдээлснээр, хуулийн төслийг эсэргүүцэгчид улам олширч, санал хураасан бол бүгд найрамдахчуудаас олон хүн дэмжихээргүй байв.
Сенатын санал хураалт амжилтгүй болсны дараа М.Макконнелл мэдэгдэл хийж, “Б.Обамагийн хөтөлбөрийг цуцлуулахын төлөө хоёр жил чармайн ажиллаж, энэ хугацаанд хуулийн шинэ төсөл боловсруулна” гэжээ. “Бүгд найрамдахчууд Б.Обамагийн хуулийг цуцлах төлөвлөгөөнөөсөө татгалзаж, шинэ хуудаснаас эхлэх эрүүл мэндийн төлөвлөгөөн дээрээ одооноос ажиллаж эхлэх нь зүйтэй. Ардчиллынхан нэгдэгтүн!” гэж АНУ-ын Ерөнхийлөгч твиттертээ бичсэн байна.
ҮЗЭЛ БОДЛЫН ЗӨРЧИЛДӨӨН
Эрүүл мэндийн салбарын талаарх үзэл бодлын зөрчилдөөний улмаас ардчилсан болон бүгд найрамдах намынхан тохиролцоонд амар хүрэхгүй. Эрх баригч намынхан уг салбарын төлөвлөгөөгөө улсын эдийн засгийн оролцоог цуцлах, эсвэл багасгах, татварын шинэчлэл хийхтэй эхлээд холбож байв. “Трампын халамж” хэмээн алдаршсан хөтөлбөр эрүүл мэндийн зах зээлийн өрсөлдөөнийг идэвхжүүлж, дэлхийд хамгийн өндөрт тооцогддог эмнэлгийн үйл чилгээний үнийг бууруулах учиртай юм. Тус намынхны үзэж буйгаар, бүх хүн даатгалд хамрагдаж, орлого багатай иргэдийг дэмжихээр амласан Б.Обамагийн шинэчлэл зорилгодоо хүрээгүй, харин эмнэлгийн үйлчилгээний үнийг нэмэгдүүлж, хүртээмжийг багасгажээ. Иргэн бүр эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй бус, харин боломжтой үедээ л ашиглах үйлчилгээ байлгахыг бүгд найрамдахчуудын олонх нь зорьж буй аж.
Тэгвэл ардчилсан намынхан өөр бодолтой байна. Тэдний баталсан Эрүүл мэндийн хууль хэрэгжсэнээр АНУ-ын иргэн бүр эмнэлгийн үйлчилгээ авдаг, даатгуулах боломжгүйг нь улсаас дэмждэг болох ёстой. Тиймээс нийгмийн хөтөлбөр, тэтгэмжийг бууруулахаар хуульд өөрчлөлт оруулахыг Ардчилсан нам эмзэг хүлээн авч буй юм. Баячуудын төлөх татвар буурч, ажлын байр цөөрч, нийгмийн бага болон дунд давхаргынхан эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байдалд “Трампын халамж” хүргэнэ гэж хуучин эрх баригчид нотолж байна. Америкчуудын олонхын санаа бодол ардчиллынхны талд буй бөгөөд “NBC news” телевиз, “Wall street journal” сэтгүүлээс явуулсан судалгаанд оролцогчдын ердөө 16 хувь нь одоогийн эрх баригчдыг дэмжжээ.
ДОТООДДОО ЗӨВШИЛЦӨЛД ХҮРСЭНГҮЙ
“Обамагийн халамж”-ийг цуцлах гэж бүхэл бүтэн долоон сарыг бүгд найрамдахчууд алдаад зогсохгүй хоорондоо тохиролцож чадсангүй. 2015 онд Сенат нь олонхын саналаар “Обамагийн халамж”-ийг цуцлах хуулийг баталсан. Тэгэхэд Ерөнхийлөгч байсан Барак Обама хориг тавьж байсан. Түүнээс хойш хоёр жилийн дараа бүгд найрамдахчууд Конгрессын хоёр танхимыг хяналтдаа авч, Цагаан ордонд өөрийн хүнтэй болсон хэдий ч шинэ хуулийн төслөөр санал хураалт ч явуулж чадахгүй байгаа нь нам дотроо эв нэгдэлгүй гэдгийг нь илтгэж буй. Намын аядуу жигүүр “Обамагийн халамж”-ийн зарим заалтыг эсэргүүцэхгүй байгаа бол илүү хуучинсаг үзэлтэй хэсэг нь уг хөтөлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна хэмээн АНУ-ын Конгресс, Цагаан ордны тухай мэдээлэл бичдэг “Politico” сэтгүүлд тэмдэглэжээ.
Дашрамд хэлэхэд, Төлөөлөгчдийн танхимтай харьцуулахад Сенат дахь бүгд найрамдахчууд хуулийн төслийн талаар завсарлага авч, дараа нь намынхнаасаа шаардлагатай дэмжлэг авахад саад болох зүйл үгүй.
Нэгэнт хэрэгжээд эхэлсэн эрүүл мэндийн салбарыг шинэчлэх ажлаа гүйцээх нь Д.Трампад амин чухал. Цагаан ордонд очоод нэлээд хэдэн сарыг үзсэн Ерөнхийлөгч сонгуулийн өмнө тухайлбал, Мексиктэй залгаа хил дээр хана барих, татварыг шинэчлэх гээд хийж бүтээхээр өгсөн амлалтуудаа хэрэгжүүлэхэд ойртож ч чадаагүй байна. “Обамагийн халамж”-ийн тухай хуулийг бид цуцлах, эсвэл өөрчлөх ёстой” гэсэн лоозон АНУ-ын одоогийн Ерөнхийлөгчийн тэргүүлэх зорилтуудын нэг болсон бөгөөд энэ талаар түүхэн амжилт олох нь түүнд юу юунаас илүү чухал. Төрийн тэргүүн түүнд АНУ-ын эрүүл мэндийн тогтолцооны онцлогийн тухай мэдээлэл нэлээд тааруу байгааг ажиглагчид тэмдэглэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өрсөлдөөний үеэр тэрбээр нийт америкчуудыг эрүүл мэндийн даатгалтай болгоно хэмээн амлаж байснаа одоо болохоор даатгалтай иргэдийн тоог бууруулахад хүргэж мэдэх хуулийн төслүүдийг дэмжиж буй юм.