Японы эмч нар хурдацтай хөгширч байгаа тус улсын хүн амын бодлогод өөрчлөлт оруулж, 75 наснаас хүнийг тэтгэвэрт гаргах хэрэгтэй гэх шинэ санаа дэвшүүлжээ. Учир нь одоогийн хуулиар бол япончууд 60-65 хүрээд тэтгэвэрт гардаг. Гэхдээ энэ насандаа гавьяаныхаа амралтыг эдэлж буй ихэнх япончууд эрүүл чийрэг биетэй, дахин хэдэн жил ажиллах нөөц бололцоотой байдгийг эмч нар онцлов.
Сүүлийн үед хийсэн судалгаагаар 2065 он гэхэд Японд 65-аас дээш насныхан нийт хүн амын 38 хувийг эзлэх тооцоо гараад буй.
Ингэснээр тус улсад хөдөлмөрийн насны иргэдийн тоо цөөрч, харин тэтгэвэр авах иргэдийн тоо өссөнөөр эдийн засгийн хүнд шахалтанд оруулж байгааг албаны хүмүүс өгүүлдэг.
Харин эмч нарын үзэж буйгаар өнгөрсөн арван жилд Японы өндөр настнууд илүү "залуужиж" байгааг онцолсон байна. Тэднийхээр бол өндөр настнууд ачаалал даах чадвартай болж байгаа нь тэтгэвэрийн насыг уртасгах шалтгаан болох гэнэ.