Их Британийн Засгийн газар тэтгэврийн насыг 2037-2039 оны үед 68 болгох гэж байгаа тухай тус улсын Хөдөлмөр, тэтгэврийн асуудал эрхэлсэн яам мэдээлжээ. Гэхдээ уг шийдвэр нь 1970 оны дөрөвдүгээр сарын 5-наас өмнө төрсөн британичуудад хамаарахгүй ажээ.
Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, тэтгэврийн асуудал эрхэлсэн сайд Дэвид Гок хэлэхдээ “Дундаж нас нэмэгдэж, тэтгэвэр авч буй хүмүүсийн тоо өсөж байгаа учир манай улсад шударга, тогтвортой тогтолцоо бий гэдгийг батлан харуулах хэрэгтэй болжээ” гэв.
Одоо Их Британид эрэгтэйчүүд 65 насандаа, эмэгтэйчүүд төрсөн оноос хамаарч 60-65 насандаа тэтгэвэрт гарч байгаа юм. 2020 он гэхэд эмэгтэй, эрэгтэй ялгаагүй 66, 2028 оноос 67 настайдаа гавьяаны амралтад гардаг болох аж.