Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарал Ирак, Сири дэх “Исламын улс” бүлэглэлтэй хийж буй тэмцэлд төвлөрч байна. Энэ нь ч аргагүй биз. Лондон, Манчестерт террорист халдлага болсны дараа хүмүүсийн анхаарлыг Иракийн Мосул хотыг босогчдоос чөлөөлөх ажиллагаа болон өөрийгөө зарлан тунхагласан халифат улс нь мөхөж буйг босогчид хэрхэн хүлээн авах байдал их татаж буй тухай “Telegraph” сонины тоймч Кон Кафлин бичжээ.
Энэ бүхэнтэй холбоотойгоор Британийн аюулгүй байдалд илүү ноцтой заналхийлэгч Владимир Путиний Оростой тэмцэх асуудал олны анхаарлаас гарч байна. Өрнөдийн аюулгүй байдалд Москвагаас учирч болзошгүй бодитой аюул бий. Ийм түгшүүрийг Оросын Засгийн газартай Д.Трампын төлөөлөгчид хууль бусаар холбоо тогтоосон байж болзошгүй гэсэн Вашингтонд өрнөсөн савангийн дуурь сарниулж орхиж. Энэ нь В.Путинд ашигтайгаар тусаж, Москвад Европын улс төрийн байдлыг тогтворгүй болгох боломж олгож байна.
НАТО-д элсэх төлөвлөгөө боловсруулах шийдвэрээ энэ сарын эхээр Украин гаргаснаас үүдэн Өрнөдийн ардчиллыг сулруулах оролдлогоо ойрын хугацаанд Москва улам эрчимжүүлнэ гэдэгт цэргийн стратегичид санал нэг буй аж. Умард Атлантын эвслийн хил хязгаар тэлэхийг эрс эсэргүүцдэг Кремль Украины шийдвэрийг баяртайгаар хүлээн авахгүй нь мэдээж. 2014 оноос хойш Крымийг хууль бусаар улсдаа нэгтгэж, Донбассыг цэргийн хүчээр булаан эзэлж байгаа нь Европтой илүү нягт харилцаа тогтоох гэсэн Украины Засгийн газарт саад болох зорилготой юм.
Ийм байдал Балканы хойгт ч бий болсон. Тодруулбал, Черногорыг НАТО-д элсэх гэхэд Москва тус улсын Ерөнхий сайдын амь насанд халдах оролдлогыг дэмжиж байв. Тиймээс Өрнөдтэй илүү нягт харилцаа тогтоохыг хүсэж буй Украин болон бусад улсыг хамгаалах нь НАТО-гийн тэргүүлэх зорилтуудын нэг болжээ.
Ийм зорилгоор Их Британи Украины цэргийн алба хаагчдыг бэлтгэх хөтөлбөрөө өргөжүүлэхээр төлөвлөж буйг Батлан хамгаалахын сайд Майкл Фэллон нь мэдэгдсэн байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд Украины 2700 орчим цэрэг амь үрэгдэж, 10 мянга нь шархаджээ. Оросуудын халдлагыг таслан зогсоох боломжийг Британийн хөтөлбөр украинчуудад олгох юм. Түүгээр зогсохгүй ОХУ-аас учрах аюулыг сөрөхийн тулд Европ даяар өрнүүлэх Их Британийн хүч, хөрөнгө нь Сири болон Ирак дахь “Исламын улс”-ын эсрэг тэмцэлд зориулахтай бараг дүйнэ. Оросыг тогтоон барих кампанит ажлын нэг хэсэг болсон, Европ дахь НАТО-гийн ажиллагаанд одоо Британийн 1000 орчим цэрэг оролцож байна. Эстони, Польш дахь цэргийн анги нэгтгэлээс гадна Их Британийн Агаарын цэргийн хүчний дөрвөн сөнөөгч нисэх онгоц Румынд байгаа бөгөөд тэдгээр нь агаарын орон зайд эргүүл хийхэд тусалж буй юм. Харин мина тээгч “Дункан” хөлөг онгоц Хар тэнгис дэх НАТО-гийн цэргийнхнийг тэргүүлж байна. Оросоос учрах аюулыг маш ноцтой хэмээн үзэж, АНУ-аас гаргадаг хүчин чармайлттай харьцуулахад Их Бри - таниас НАТО-д оруулж буй хувь нэмэр бага ч тус улсын Засгийн газар уг асуудлыг чухалчлан авч үзэж байгаагийн нотолгоо болох юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-тай холбоотой, эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээс үл хамааран Оросын хакерууд өнгөрсөн онд болсон сонгуулийн өмнөх кампанит ажилд санаатай халдсан нь эргэлзээгүй. Дараагийн удаа зорилгодоо хүрч, Европын ардчиллыг сулруулахын тулд цахим халдлагыг Германы сонгуулийн үеэр хийж мэдэх юм. ОХУ-ын хакерууд Германы улстөрчдийн цахим, нууц захидлуудыг авахын тулд Бундестагийн компьютерын сүлжээнд аль хэдийнэ халдсан бөгөөд Берлин ирэх есдүгээр сард болох сонгуулийн өмнө халдлага үйлдэхээс сэргийлэх арга хэмжээ авч байна.
Тийнхүү В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгч хэвээр байгаа цагт Москва Европын урт хугацааны тогтвортой байдалд “Исламын улс”-аас илүү аюул учруулах гэнэ.