Анх ОХУ-ын цахим ертөнцөөр тархаж, цөөнгүй хүмүүсийн аминд хүрч, эцэг эхчүүдэд зориулсан санамж хүртэл гаргасан "Цэнхэр халим"-ын тэргүүлэгчдийн нэг 22 настай Филипп Будекинийг өнгөрсөн жил баривчилсан билээ. Түүнийг дороо өсвөр насны 15 хүүхдийг удирдаж, үхлийн тоглоом тоглодог байсан гэж цагдаагийнхан сэжиглэж байсан юм.
Цахим ертөнцөд Филипп Лис буюу "үнэг" гэдэг нэрээрээ алдаршсан түүнийг хоёр охины аминд хүрэх дөхсөн хэмээн буруутгаж байгаа аж.
Тус улсын Казань хотод амьдардаг 16 настай охин, Тюмэнд аж төрдөг 17 настай охид түүний ятгалгаар амиа алдах дөхсөн ч азаар эмч нар аварч чадсан юм.
Мөрдөн байцаалтын үеэр энэ тоглоомыг санаачлагч хүмүүс амьд явах ёсгүй хүмүүсийг нийгмээс цэвэрлэх нь "Цэнхэр халим"-ын гол зорилго гэнэ. Харин Ф.Будекиний хувьд энэ хэргийн улмаас ял сонсож байгаа анхны хүн болжээ. Түүнд гурван жил, хоёр сар хоригдох ял оноосон байна.
Сонирхуулахад, өнгөрсөн тавдугаар сард насанд хүрээгүй хүүхдүүдийн аминд хүрэх гэсэн иймэрхүү тоглоомны удирдагчдад дээд тал нь зургаан жилийн ял оноох шинэ хуулийн төсөл оруулж, хэлэлцсэн байна. Тэгвэл парламентын гишүүд хэлэлцээд 5-10 жил хорих, хэрвээ хохирогч нь өсвөр насны хүүхэд болон бие давхар эмэгтэй бол 12 жил, хохирогч нь нэгээс олон бол 15 хүртэлх жилээр хорихоор шийдвэрлэжээ.
Өнгөрсөн жил олон нийтэд хүрсэн энэ тоглоомны улмаас 130 гаруй хүүхэд хохирсон байна. Саяхан АНУ-д мөн хоёр өсвөр насны хүүхэд амиа хорлосон нь энэ тоглоомны золиос болсон байж магадгүй гэж үзэж байгаа юм.