Германы Гамбург хотноо энэ сарын 7-8-нд “Их 20”-ийн 12 дахь уулзалт болж, өндөрлөсөн. “Их 20” гэдэг бол өндөр хөгжилтэй, хөгжиж буй эдийн засагтай улсуудын Засгийн газар, Төвбанкны удирдлагын клуб юм. Түүнд Австрали, Аргентин, Бразил, Их Британи, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Канад, Хятад, Мексик, Орос, Саудын Араб, АНУ, Турк, Франц, Өмнөд Солонгос, ӨАБНУ, Япон болон Европын холбоо багтдаг. Түүнчлэн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, ОУВС, Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид энэ уулзалтад оролцдог.
Нийт дүнгээр нь авч үзвэл “Их 20”-д багтдаг орнуудад дэлхийн нийт бүтээгдэхүүний 85, худалдааны 75, хүн амын гуравны хоёр нь ногдож буй. Энэ уулзалт хамтын ажиллагаа, олон улсын санхүүгийн системд хамрагдах асуудлаарх дээд чуулган болдог юм. 2008 оны эдийн засгийн хямралаас өмнө уг уулзалтыг дээд хэмжээнд хийж байгаагүй аж. Сангийн сайд нар болон Төвбанкны удирдлагуудын түвшинд жил бүр хийдэг уулзалт нь тус клубийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр болж байв. Азийн орнуудыг санхүүгийн хямрал нөмөрч, Өрнөдийн улсууд үүнд хэрхэн хандахаа мэдэхгүй байсан 1990-ээд оны эцсээр “Их 20” бий болсон юм. Тухайн үед дэлхийн эдийн засгийн асуудлыг оролцоогүйгээр нь шийдэх боломжгүй Хятад, Индонез гэх мэт томоохон улсыг урьж, “Их долоо”-гийн Сангийн сайд нар санхүүгийн бодлогын асуудлыг хэлэлцэхийн тулд хүрээгээ тэлэх санаачилга гаргасан байна. “Их 20”-ийн бүрэлдэхүүнд оруулах улсуудын нэрийг АНУ, Их Британи гаргасан гэж болно. 1997 онд эхлээд 33 улсын бүлэг байснаа 1999 оны арванхоёрдугаар сард 22 хүртэл цөөрсөн ч жил хүрэхгүй хугацааны дараа “Их 20” болжээ. Тэгснээ 1999 оны арванхоёрдугаар сард Берлинд зохион байгуулах бага хурлаа хийчихээд “Их 20”-ийг үндсэндээ мартчихсан аж. 2008 онд санхүүгийн ээлжит хямрал болох хүртэл дээд хэмжээний уулзалт хийсэнгүй. Сангийн сайд, Төвбанкны удирдлагуудын жил бүрийн уулзалт л үйл ажиллагааных нь үндсэн хэлбэр болж байв.
“Хямралын эсрэг” гэж нэршсэн “Их 20”-ийн анхны дээд түвшний уулзалт 2008 оны арваннэгдүгээр сарын 14-15-нд АНУ-ын нийслэл Вашингтонд Францын Ерөнхийлөгч Николя Саркози, Их Британийн Ерөнхий сайд Гордон Браун нарын санаачилгаар болсон байна. Хоёр дахь нь 2009 оны дөрөвдүгээр сарын 2-нд Лондонд, гурав дахь нь мөн оны есдүгээр сарын 24-25-нд АНУ-ын Питсбург хотод болж, эдийн засгийн асуудлыг голлон хэлэлцжээ. Тэгэхдээ дээд түвшний эдгээр уулзалт амьдрал дээр үр дүн бага өгсөн бөгөөд оролцогчид нь гаргасан шийдвэрийг биелүүлсэнгүй хэмээн биенээ буруутгахыг урьтал болгож ирсэн байна. Цаг хугацаа явах тусам эдийн засгийн хямралын хурц үе өнгөрч байсан тул “Их 20”-ийн уулзалт улс төрийн асуудалд анхаарал хандуулах болов. Дөрөв дэх уулзалт 2010 оны зургадугаар сарын 26-27-нд Канадын Торонто хотод болж, 2013 он гэхэд төсвийн алдагдлыг хоёр дахин бууруулах шийдвэр гаргасан нь гол үр дүн нь байлаа.
2010 оны арваннэгдүгээр сарын 11-12-нд БНСУ-ын нийслэл Сөүлд болсон дээд хэмжээний уулзалт тав дахь нь байв. Уулзалтын анхаарлын төвд байсан асуудлын нэг нь АНУ, БНХАУ- ын валютын бодлого байсан юм.
Зургаа дахь уулзалтыг 2011 оны арваннэгдүгээр сарын 3-4-нд Францын Канн хотод хийв. Долоо дахь нь 2012 оны зургадугаар сарын 18-19-нд Мексикийн Лос-Кабос хотноо болсон байна. Найм дахь уулзалтыг 2013 оны есдүгээр сарын 5-6-нд Оросын Санкт-Петербург хотод зохион байгуулж, эдийн засгийн өсөлт, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгож, ажилгүйдэлтэй тэмцэх, хөрөнгө оруулалтыг урагшлуулах, олон талын худалдааг өргөжүүлэх, Сири дэх дайнд нөлөөлөх зэрэг асуудалд анхаарлаа хандуулжээ. 2014 оны арваннэгдүгээр сарын 15-16-нд Австралийн Брисбенд болсон ес дэх уулзалтын гол сэдэв нь аюулгүй байдал болон Украины хямрал байлаа. ОУВС-д өөрчлөлт хийхэд саад болохгүй байхыг оролцогчид АНУ-д уриалав. Арав дахь уулзалт 2015 оны арваннэгдүгээр сарын 15-16-нд Туркийн Антальяд, 11 дэх нь 2016 оны есдүгээр сарын 4-5-нд Хятадын Ханжоуд тус тус болжээ
Саяхан болсон сүүлчийн уулзалтын талаар гадаадын тоймчид, тэр дундаа Германы сэтгүүлчид янз бүрийн бодол, дүгнэлттэй байна. Уулзалт болсон Гамбург хотод даяарчлалыг эсэргүүцэгчид эмх замбараагүй байдал дэгдээж, “Их 20”-ийн орнуудын байр суурь зөрүүтэй байсан учраас түүнийг амжилттай боллоо гэж хэлж зүрхлэхгүй байх шиг байна. Хотын гудамжинд болсон үйл явдлаас гадна дээд хэмжээний уулзалт болох үеийн аюулгүй байдал сэтгэл зовоохоор байжээ. Герман улс түүхэндээ саяных шиг хүчирхийлэл, халдлага, дээрэм тонуултай тулгарч байгаагүй аж.
Жинхэнэ ардчилагч, яахын аргагүй ганцаар захирагч, хүний эрхийг олон удаа зөрчиж байсан хүмүүс нэгэн ширээний ард сууж байв. Тэдний дунд нэр цэвэр хүн ч цөөнгүй, авлигын хэрэгт буруутгагдсан “этгээд” ч байсан нь нөхцөл байдлыг түвэгтэй болгож, хүндрэл учруулж байлаа. Энэ бүхнийг харгалзан үзвэл дээд хэмжээний уулзалтын зарим үр дүнд сэтгэл дундуур байхаас аргагүй. Уулзалтад оролцогчид дэмжлэг үзүүлэхээс санал нэгтэй татгалзаж байв. Уур амьсгалыг хамгаалах тухайд Парисын хэлэлцээрээс АНУ гарсан ч үндсэн 19 улс уг хэлэлцээрийг тойрон нэгдлээ.
Гэлээ ч эмэгтэй хүний үүргийг нэмэгдүүлэх, Африкийн орнуудтай үйл ажиллагааны шинэ гэрээ байгуулах том төлөвлөгөө гаргах, боловсролын салбарт зарим санаачилга дэвшүүлэх талаар илт дутмаг байв. “Их 20” даяарчлах үйл явцад шинэ имиж бий болгож чадсангүй. Дээд хэмжээний уулзалтын хэлбэр сайжрахгүй, хөгжихгүй байна. “Их 20” олон нийтэд ойр байж чадахгүй байгаа. “Deutsche welle”-ийн тоймч Дагмар Эгель ийм байр суурьтай байна.
Гамбургэд машинуудыг шатааж, хар утаа олгойдож байсны буруутан нь хэн бэ? Цагдаа нар уу, жагсагчид уу? Жагсагчид эхлээд энхийн зорилготой байсан. Тэд “Их 20”-ийн уулзалт, тогтолцоо, шударга бус байдлыг янз бүрийн шалтгаанаар эсэргүүцсэн юм. Гэтэл жагсагчдын дунд танхай хүмүүс, хэт даврагчид байсан аж. Уг нь жагсаал хийх нь ардчиллын салшгүй хэсэг, санал бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь түүний суурь үнэт зүйл юм. Дээд хэмжээний уулзалтын үеэр ардчиллын зарчмууд хэрхэн үйлчлэх нь Гамбургэд иргэн, ардчиллыг өөрийнхөөрөө ойлгодог төр засгийн тэргүүн нарт олон зүйл хэлж болох байв. Гэвч даяарчлалыг байнга эсэргүүцэгчид тайван жагсагчдын тэмцэл энэ удаа утаан дунд живсэн нь утга учиргүй үйлдэл боллоо гэж тоймч Хенрик Беме дүгнэжээ.
Урьд нь зааглах шугам өнөөгийн дэлхийд явцгүй болсныг Гамбургэд болсон энэ дээд хэмжээний уулзалт харууллаа. Хөгжингүй болон хөгжиж буй эдийн засаг харилцан биедээ сөрөг хүчин болж байсан бол одоо “үндсэрхэг үзэлтнүүдийн” эсрэг, “даяарчлалыг таашаагчид” гарч ирсэн байна.
Энэ бүхний хажуугаар Владимир Путин, Дональд Трамп хоёр анх удаа нүүр учирсан нь Гамбургийн дээд хэмжээний уулзалтын гол үйл явдал байлаа. Тэдний уулзалт төлөвлөснөөсөө хавьгүй урт хугацаанд үргэлжилсэн хэвлэлийнхэнд хаалттай болов. Америкийн тал энэ уулзалтаас хойш хэдхэн цаг өнгөрөхөд ярьсан тохирсноосоо эргэж буцсан болохоор хоёр удирдагчийн яриа хөөрөөний үр дүнгийн талаар мэдээлэх боломжгүй байгаа юм. Вашингтоны энэ ааш Москвагийн хувьд санаанд оромгүй явдал болж байлаа. Яагаад гэвэл Вашингтон дахь улс төрийн тэмцлийн толгой эргүүлэм уур амьсгал түүнийг Оростой ямар нэг тохиролцоо хийх ямар ч боломжгүй болгов. Ер нь Трампыг Москва эхнээсээ л ойлгож чадаагүй. Тэрбээр нэр дэвшигч байхдаа ч, Ерөнхийлөгч болсон хойноо ч “наймаалцах” гэдэг үгээ байнга давтсаар ирсэн, ийм үйлдлийн мастер гэж Трамп өөрийгөө ямагт үздэг. Тангараг өргөх ёслолын үеэр түүний тунхагласан “Америкийн барааг худалдаж авцгаа” гэсэн уриа нь дотоод, гадаад бодлогынх нь зүтгэгч хүч болж буй бөгөөд юуны урьд холбоотнууддаа хандсан үг юм. Гадаад бодлогодоо цэргийн хүч ашиглах гэдэг нь ердөө ашиг олох хэрэгсэл болгож буй хэрэг.
Трампын наймаа арилжаа гэж ярьдаг нь ухаалаг солилцоо, тохиролцоо хийхийг бодож буй юм биш, бизнесийн утгаар орлого ашиг өгөх зүйлийн тухай л хэлж буй гэж үзэж болно. Үүнийг нь тэр бүр олж хараагүй ч “Трампын нууц түлхүүр”-ийг зарим нь маш хурдан тайлсан. Америкийн барааг хэн өндөр үнээр худалдаж авав, түүнтэй тогтоосон харилцаа найдвартай гэж үзэх юм байна гэдгийг Персийн буланд болсон үйл явдлаас бүгд ойлгож авсан. Хилийн чанадад Трампын хийсэн аяллуудаас Саудын Арабт болсон айлчлал хамгийн үр ашигтай нь байв. Катар болон түүний хөршүүдийн хооронд бий болсон хямрал олон талаар энэ айлчлалтай холбоотой. Америктай хэл амаа хялбархан ололцдог өөр нэг холбоотон нь Польш болоод байгаа. “Патриот” хэмээх пуужингийн иж бүрдлийг худалдаж авахад польшууд найртай ханддаг төдийгүй Америкийн хийг ашиглахад Польш бэлэн байна. Түүгээр ч барахгүй Зүүн Европын бүх оронд, зовж шаналсан түүнийг Украинд оруулж ирэх нөхцөлийг бүрдүүллээ. Оросын аливаа бараа, бүтээгдэхүүний эсрэг Вашингтоны хийж ирсэн тэмцлийг юуны урьд аюулгүй байдалтай холбон тайлбарлаж байсан бол одоо өрсөлдөөний шинж чанарт нь эргэлзэх юм алга. Трампын засаг захиргаа Украиныг сонирхох нь ихсээд байгаа нь ч энэхүү ашиг орлогын төлөөх санаа бодлоос нь үүдэлтэй юм.
Трампын эрин үеийн Америкийг зөв ойлгохын тулд хүйтэн дайны болон түүнээс хойших үеийн хэмжүүрийг хойш тавих нь зөв болно. Герман улсыг Америкийн Ерөнхийлөгч найдвартай холбоотон юм уу, үзэл суртлын санаа нэгтэн гэхээсээ илүү зах зээлийн өрсөлдөгч гэж харж, өнгөрсөн зууны сүүлийн хагасын өв уламжлалаасаа илт татгалзах боллоо. Энэ нь НАТО-гийн үйл ажиллагаатай ч холбогдож байна. Хамтран батлан хамгаалах салбарт АНУ-ын хүлээсэн үүргийг Умард Атлантын эвслийн аливаа улс руу халдаж довтолсон тохиолдолд АНУ оролцохыг баталгаажуулсан НАТО-гийн дүрмийн нөгөө тавдугаар заалтыг Дональд Трамп биелүүлэх нь үү, үгүй юү гэдгийг европчууд сэтгэл түгшиж харсаар буй. Трамп ч үүнийг байсхийгээд нотлон хэлдэг. Гэвч түүний бодлоор холбоотноо хамгаалах нь нийтлэг үнэт зүйл, эв нэгдэлд үндэслэсэн үүрэг биш, захиалагчдаа АНУ-ын үзүүлж буй үйлчилгээ ажгуу. Энэ үйлчилгээ нь үнэ төлбөргүй биш, түүний өртөг нь Европт батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэх төдийгүй мөнөөх “Америкийн бараа, бүтээгдэхүүнийг худалдаж аваарай” гэсэн санаа нь юм.
Эцэст нь хэлэхэд, “Их 20”-ийн энэ уулзалтыг сурвалжлах, мэдээлэх эрхийг зарим сэтгүүлчид олгоогүй нь улс төрийн ихээхэн шуугиан дэгдээв. Эрх баригчид үүнийг аюулгүй байдалтай холбож тайлбарлаад буй. Эрхээ хязгаарлуулсан, “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын хэвлэл, мэдээллийн төв рүү нэвтэрч чадаагүй 32 сэтгүүлчийн олонх нь германчууд байжээ. Тэдний үзэж буйгаар “хар дансанд” орсон сэтгүүлчид нь сүүлийн үед Туркт курдүүд байдаг газарт очоод ирсэн хүмүүс байсан нь эрх баригчдын зүгээс хориг тавихад хүргэсэн байж болзошгүй аж.
Сэтгүүлчдийн эрхийг хязгаарласан энэ үйлдлийг “нарийвчлан шалгахыг” ХБНГУ-ын Хууль зүйн сайд, социал-демократ үзэлт Хайко Маас шаардаж, сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Хэвлэлийн эрх чөлөөний маш том үнэт зүйл” гэж хэлсэн байна. Дотоод хэргийн сайд, Канцлер Ангела Меркельтэй нэг намын Томас де Мезьерийн мэдэгдсэнээс үзвэл, сэтгүүлчдэд олгосон эрхээ цуцлахаар шийдвэрлэхдээ тусгай албадын мэдээлэлд үндэслэж дээд хэмжээний уулзалт хийгээд түүнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор хандсан бололтой. Ирэх есдүгээр сарын 24-нд болох Бундеслигийн сонгуульд социал-демократууд болон Меркелийн тэргүүлж буй Христосын ардчилсан холбоо, Христосын нийгмийн холбоо эвсэл гол өрсөлдөгчид байх нь эргэлзээгүй. Энэ сонгуулийн кампанит ажил Германд нэгэнт эхэлжээ. Үүнийн үр дүнгээр Засгийн газраа эмхлэн байгуулж, Канцлераа томилно.