Германы Регенсбург хот дахь католик сургуульд сүүлийн 50 жилийн турш багш нар нь шавь нараа хүчирхийлж байсан баримт олджээ. Мөрдөн байцаалтын явцад 450 гаруй хуудас бүхий гэмт хэргийн баримтыг сэтгүүлчдэд танилцуулж, сүүлийн 50 жилийн турш, зодуулж, хүчирхийлэлд өртсөн гэх 500 гаруй баримт, бэлгийн дарамтанд орсон 67 хэргийг шалгаж байгаагаа зарласан байна.
Энэ хэргийг шалгаж байгаа өмгөөлөгч Улрич Уэберийн мэдэгдснээр тус сургуульд 1945 оноос хойш хүчирхийлэл гарч эхэлсэн бөгөөд түүнээс хойш хамгийн сүүлд 1992 онд бүртгэгдэх хүртэл үргэлжилсэн гэнэ.
Тус сургуульд сурч байхдаа зодуулж, бие сэтгэлийн дарамт амссан, мөн хүчиндүүлсэн сурагчдын тоо өдгөө 549-д хүрсэн байна. Гэхдээ илрээгүй, нууж, дарагдсан өчнөөн хэрэг бий, хохирогч ч бас байж болохыг өмгөөлөгч мэдэгдэв. Түүнийхээр багадаа 700 гаруй хүн энэ хэргийн хохирогч байх магадлалтай аж.
Хохирогчдын ихэнх нь сургуулийнхаа талаар "Шорон, там шиг байсан" гэж онцолдог бол энэ сургуульд сурч байсан үеэ амьдралынхаа хамгийн тааруу дурсамж хэмээн онцлох хүмүүс ч байв.
Хачирхалтай нь, энэ хэрэгт Ромын пап лам асан Бенедиктегийн төрсөн ах Жорж Ратзингерийг буруутгаж байгаа гэнэ. Энэ хүн 1964-1994 оны хооронд 40 жилийн турш тус сургуулийн захиралаар ажиллаж байсан юм. Ратзингер болж буй бүх хэргийг нууна дарагдуулахад гол үүрэг гүйцэтгэдэг байсан бололтой.
Герман улсын хуулиар хэргийг хэлэлцэх хугацааг 30 жил гэж үздэг. Тиймээс өдгөө ил болсон ихэнх хэрэг хүчингүйд тооцогдох магадлалтай аж.