“Намайг дэлхийн шилдэг дасгалжуулагч гэдэгтэй санал нийлэхгүй” хэмээн даруухан загнах Зинедин Зиданыг гарамгай хөлбөмбөгчин гэдгийг энэ спортод дурлагсад андахгүй. Хөлбөмбөгийн талбайд эрэмгий баатар, гэр бүлдээ бол халамжтай аав, сайн хань болсон энэ хүнийг “Esquire” онцолжээ. Өнгөрсөн сард 45 насныхаа босгыг алхсан тэрбээр Францын “Канн” клубээс их спортын гараагаа эхэлсэн бөгөөд өдгөө Испанийн “Реал Мадрид” клубийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж буй.
1998, 2000, 2003 онд дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэгдсэн түүнийг 2001 онд Мадридын “Реал” клуб 75 сая еврогоор “уургалсан” нь тухайн үедээ дэлхийн хэмжээнд хамгийн өндөр ханш байлаа. 2004 онд Европын хөлбөмбөгийн холбоо З.Зиданыг сүүлийн хагас зууны шилдэг тамирчнаар нэрлэсэн билээ.
Тэрбээр ширэн бөмбөг хөөхөөс гадна скейтборд, унадаг дугуйгаар салхи татуулан зугаалах дуртай, бас жүдогийн ногоон бүстэй юм байна. Түүний дөрвөн хүү аавынхаа замналыг үргэлжлүүлэн хөлбөмбөгийн талбайд од болон гялалзахаар хүч үзэж буй гэнэ. Зидан буяны ажилд идэвхтэй оролцдогоороо мөн алдартай. Эцэг, эхийнхээ нутаг Алжирт хүүхдийн эмнэлэг бариулахад багагүй мөнгө хандивласнаас гадна өнчин болон орон гэргүй хүүхдүүдэд тусалдаг олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг юм байна. Энэ бүхнээс үүдэн НҮБ 2001 онд түүнийг элчээрээ сонгосон.
- Би ерөнхийдөө дуу цөөтэй. Чалчаад байх дургүй хүн.
- Зарим хүн өөрийн гэсэн уриатай байдаг юм гэсэн. Миний хувьд тийм зүйл байхгүй. Ер нь хэзээ ч байгаагүй.
- Үгээр хүнийг зодож болно. Тэр бол нударганаас ч илүү өвтгөх хүчтэй зүйл гэдгийг би бүр багадаа мэдэрч, ойлгосон.
- Найзуудтайгаа гудамжинд бөмбөг өшиглөж байсныхаа ачаар би хөлбөмбөгийн спортод амжилт олсон.
- Би борчуудын хороололд өссөнөө аз гэж боддог. Тэнд л би хүн болсон. Тийм нөхцөл хүүхдэд амьдралын их сургууль болдог юм.
- Би өөрийгөө бус, аав, ээжийгээ дэлхий даяар алдаршуулсан гэж боддог. Үүнээс илүү сайхан зүйл байх уу?
- Аав минь алжир гарал үүслээрээ үргэлж бахархдаг. Харин би эцэг, эхээрээ бахархсаар ирсэн. Аав надад байнга л “Харийн нутагт цагаачилсан хүн бусдаас хоёр дахин илүү чармайх ёстой” гэдэг байлаа.
- Алжир улс хэзээд миний сэтгэл зүрхэнд оршдог. Тэгэхээр би тэр газрыг хэзээ ч орхихгүй. Би хэн гэдгээ, хаанаас ирсэн, ямар удамтайгаа мартаж байгаагүй. Би эртний берберчүүдийн удмын кабил угсааны хүн. Хожуу үеийн би гэвэл Францын иргэн. Тэгэхээр би энэ бүхнээрээ, Зидан болсноороо бахархдаг.
- Гарал үүслээсээ ичиж байсан тохиолдол надад бий шүү. Тэр үеийг хэзээ ч мартдаггүй юм. Харин одоо бол удам угсаанаасаа ичиж явсан тэр цаг мөчөөсөө ичдэг.
- Амьдралын явцад гайхаж, гутрах явдал бишгүй. Тэгсэн гээд эргэж хараад, шантраад улам гутрах хэрэггүй. Ерөөсөө эргэж харах хэрэггүй. Ялангуяа амьдралынхаа талыг өнгөрүүлсэн хүний хувьд.
- Амьсгал минь тасраагүй цагт “Дэндүү хэцүү юм, дааж давахгүй нь” гэж хэзээ ч хэлэхгүй.
- Өөрийгөө цэнэж, болгоомжтой байх ёстой. Би чинь залуу хөлбөмбөгчдөд үлгэрлэх учиртай шүү дээ.
- Эрчүүдийн хувьд доромжлуулж байснаас нүүр рүүгээ буулгуулсан нь дээр.
- Бусдад туслахад шалтгаан хэрэггүй шүү дээ.
- Чиний төлөө бүхэл бүтэн улс үндэстэн амьсгалж байгааг мэдрэх ямар гайхамшигтай гээч. Гэхдээ би тэр гайхалтай сэтгэл хөдлөлөө эхэндээ өөрөө ч ойлгохгүй байсан.
- Миний хувьд ялалт бол гол үнэ цэнэ юм.
- Хэдэн удаа ялах нь гол биш, харин тоглолт болгонд онцгой байх нь чухал.
- Ялалтад ханана гэж байдаггүй. Магадгүй 10 дараалан хожсон бол 11 дэх ялалтыг хүснэ.
- Хувь хүний амжилт тийм чухал биш л дээ. Хөлбөмбөг бол ялалт, ялагдлыг багаараа, хамтдаа үүрдэг спорт.
- Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин байсан гэдэгтээ итгэдэггүй. Харин би хамгийн шилдгүүдийн дунд байсан.
- Би англичуудыг хүндэлдэг. Тэд ялагдаж байсан ч үргэлжлүүлэн тэмцдэг дайчин зантай.
- “Реал Мадрид” амьдралд минь таарсан хамгийн шилдэг баг. Би тэр багийн өмсгөл өмсөхийг мөрөөддөг байлаа. Бурхан надад дэлхийн шилдэг багийг дасгалжуулах боломж олгосон. Тэгэхээр би азтай хүн.
- Гэр бүлээ тэжээх мөнгөгүйдээ спортын менежер болоогүй. Мөнгөний хувьд гэвэл, үлдсэн амьдралдаа ажил хийхгүй зүгээр суугаад тэднийгээ тэжээх хэмжээнийхийг би хуримтлуулсан. Хамгийн гол нь би урьдын адил өөрийгөө сорихыг хүссэн учраас спортын менежер болсон юм.
- Би зөнч биш. Тэгэхээр аль баг нь хожиж, хэчнээн гоол хийхийг хэлж чадахгүй.
- Месси бол хөлбөмбөгийн Моцарт. Би үүнийг батална.
- Гутлыг минь юугаар, яаж хийв гэж боддог бол чи хэзээ ч ялахгүй, хөл бөмбөг тоглоод ч хэрэггүй. Загварыг энэ спорттой хэзээ ч битгий харьцуул.
- Би юу цуглуулдаг вэ гэж үү. Тэгэхээр цуглуулдаг зүйл минь ялалт юм уу даа. Түүнэээс өөр зүйлд хообийгүй.
- Намайг Мишель Платинитэй зүйрлэсэн нь үнэхээр нэр төрийн хэрэг. Бахархаж байна.
- Би ичимхий хүүхэд байсан. Одоо ч хэвээр. Энэ чигтээ дуусах байх аа.