Мосул хотыг “Исламын улс” бүлэглэлээс бүрмөсөн чөлөөлсөн түүхэн үйл явдалд зориулсан цэргийн жагсаал болон баярын арга хэмжээ Иракийн нийслэл Багдад болон бусад хотод болсон билээ. Ийнхүү террорист бүлэглэлийг ялж, Мосул хотыг чөлөөлснөө тэмдэглэж байх хооронд “Исламын улс” Иракийн Тель-Афар хотыг шинэ штабаа болгосноо зарлав. Тэдний хийсэн мэдэгдлээс үзвэл, тус бүлэглэл хотын захиргааны бүх байгууллагыг мэдэлдээ авсан бөгөөд хууль, журамд захирагдаагүй хэнбугайг ч хатуу шийтгэхийг анхааруулсан байна. Багдадад болсон баярын жагсаал сүүлчийнх биш бололтой. Дараагийн тийм жагсаал болох хүртэл хэдэн арван мянган хүний цус урсах нь.
НҮБ-ын тооцоолсноор, Мосул хотыг сэргээн босгоход нэг тэрбум гаруй доллар шаардагдана. Зөвхөн энэ хотыг төдийгүй Иракийн өмнөд нутгийг хөгжүүлэхэд туслах боломжийг олон улсын хамтын нийгэмлэг бүрдүүлнэ хэмээн найдаж буйгаа тус улсын өмнөд мужийн захирагч Зи-Кар Яхья ан-Насери илэрхийлжээ. Учир нь сүүлийн хэдэн жил энэ бүс нутгийн нефтийн бараг бүх орлогыг тус улсын Засгийн газар “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхэд ашиглах зорилгоор авч байсан гэнэ.
Нөгөөтэйгүүр, тус бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдади эсэн мэнд, Сирийн Ракка хотын өмнөд дүүрэгт байгаа тухай Иракийн Курдистаны Тагнуулын газрын захирал Лахур Талабани мэдэгджээ. Түүний хэлснээр, “Исламын улс” тактикаа өөрчилж байгаа бөгөөд тус бүлэглэлийг устгахад 3-4 жил шаардагдах нь. Томоохон ялагдал хүлээсэн босогчид партизаны маягийн ажиллагаа явуулна хэмээн тэрбээр үзэж байна.
“Исламын улс”-ын толгойлогч амь үрэгдсэн тухай тус бүлэглэлийн босогчид мэдэгдсэнийг энэ сарын 11-нд телевизийн “Ас-Сумария” суваг уламжилсан юм. Тэгэхэд тэд шинэ толгойлогчийнхоо нэрийг удахгүй зарлана гэж байсан билээ.
Урьд нь ч аль-Багдади амь үрэгдсэнийг нотолсон гэрэл зураг Ираны мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан. Тавдугаар сарын сүүлчээр Сирид ОХУ агаарын цохилт өгч, “Исламын улс”-ын толгойлогчийг 300 босогчийн хамт устгасан хэмээн зургадугаар сарын дундуур Оросын БХЯ мэдээлж байсан билээ.
Гэвч аль-Багдади шийдвэр гаргах, босогчдыг удирдахад оролцохгүй байгаа хэмээн АНУ-ын БХЯ-ны төлөөлөгч Пентагонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.