Ахуйн хий, цавуу, бензин үнэртэж мансуурсан тухай сонсоод гайхдаг байсан үе саяхан. Гэтэл өдгөө бид “Хар тамхи хэрэглэж мансуурчээ”, “Мансуурсан хүн өндрөөс уналаа” зэрэг мэдээ сонсоод цочирдохоо больжээ. Өөрөөр хэлбэл, мансууруулах бодисын хэрэглээг бид хяналтаасаа алдсан гэхэд болно. Хууль, хяналтын байгууллагууд арга хэмжээ авч буй ч мансууруулах бодисыг хилээр оруулахгүй, залууст жигшүүлж чадахгүй байна. Ганцхан сард хар тамхи хэрэглэсэн 2-3 тохиолдол бүртгэгдэх болов. Мөн хэрэглэгчдийнх нь нас залуужаад байна. Уржигдар Сүхбаатар дүүргийн Х хороонд оршин суудаг 26 настай залуу мансууран, танхайрч байгаад цагдаагийнханд баригджээ. Цагдаагийнхан түүнээс эд мөрийн баримт болгон 0.5 грамм бодис хураан авсан байна. Мөн тухайн өдрийн 18.20 цагт тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн VIII хорооны нутаг, Захиргааны хэргийн шүүхийн байр орчимд эргүүл хийж байхдаа сэжиг бүхий таван залууг саатуулан, шалгахад тэд мансууруулах үйлчилгээтэй өвс татсан байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар залуус 20-26 настай бөгөөд цөм нийслэлийн харьяат байсан гэнэ.