Туркт цэргийн эргэлт хийх гэсэн оролдлого бүтэлгүйтсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Тодруулбал, уг үйл явдлыг зохион байгуулагчид долдугаар сарын 15-нд тус улсын хотуудад цэрэг оруулж, засаг захиргааны гол барилгуудыг эзлэх, олон нийтийн мэдээллийн гол хэрэгслүүдийг хяналтдаа авах замаар төрийн эрхийг гартаа оруулж эхэлсэн юм.
Тэр үед Турк улс хэдхэн цагийн дотор түүхэн салаа замын ирмэгт тулж, хэн ялж, ямар хувь заяа хүлээж буйг таахад бэрх болсон билээ. Харин тэр шөнөдөө Режеп Тайип Эрдоан улсаа удирдах эрхээ сэргээж, цэргийн эргэлт хийхийг оролдсон хүмүүсийг нухчин дарж эхэлсэн. Маргааш өглөө нь гэхэд хуйвалдаанд оролцогчид зохион байгуулалт муутайгаас ялагдаж, хэдэн арваараа амиа алдан, тэдний араас олон мянган хүнийг баривчилж, төрд тэрсэлсэн хэмээн хэдэн зуун хүнийг ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлсэн юм. Ийм “цэвэрлэгээ” явуулсан нь Эрдоаны эрх мэдлийг эрс бэхжүүлж, цэргийн эргэлт хийх гэсэн оролдлоготой холбоогүй байсан ч сөрөг хүчнийхэн томоохон дарамт, шахалтад ороход хүргэжээ.
Эргэлт хийсэн гэсэн амжилтгүй оролдлого Туркийн гадаад бодлогыг эрс өөрчиллөө. Сирийн дайнд Башар Асадыг эрс эсэргүүцэгчдийн эгнээнээс Турк улс гарч, Орос, Ираны эвсэлд нэгдэж, АНУ болон Европын холбоотой тогтоосон харилцаа нь эрс муудсаны сацуу улсаа ямар нэг аргаар Европын ард түмний нэг хэсэг болгохоо Эрдоан далд утгаар бус, шуудхан мэдэгджээ.
Цэргийн эргэлт хийх гэсэн оролдлогыг Эрдоан дарсныг Өрнөдөд тийм ч таатай хүлээн аваагүй. Тийм оролдлого хийсэн хүмүүс гадаадын тагнуул, дипломатчидтай холбоотой болох нь тогтоогдож, цэргийн эргэлт хийх гэсэн ажиллагааг санаачлагчийг АНУ нутаг дэвсгэртээ орогнуулсаар байгаа нь Турк болон тус улсын НАТО дахь түншүүд хоорондын харилцааг хөндийрүүлсэн. Нөгөөтэйгүүр, цэргийн эргэлт хийхээр бэлтгэж байгаа тухай Эрдоанд Оросын эх сурвалжууд урьдчилан сэрэмжлүүлж чадсан гэсэн яриа, сөрөг хүчний ажиллагааны дараах үйл явдал Турк, Оросын харилцаа сэргэх үндэс суурь болсон байх. ОХУ-ын “Су-24” бөмбөгдөгч нисэх онгоцыг Туркийн тал сөнөөсөнтэй холбоотойгоор тус хоёр улсын харилцаа эрс муудаад байсан юм.
Цэргийн эргэлтийг амжилттай хийсэн бол үйл явдал огт өөрөөр эргэх байлаа. Устгагчдын баг Мармарис хотод цагийн өмнө очсон, эсвэл сөнөөгч нисэх онгоцны нисгэгч Эрдоаны суусан онгоцыг устгасан, Туркийн Жанжин штаб, цэргийн тагнуулын газрын нууц ажилтнуудыг илрүүлсэн байсан бол одоо өөр үйл явдал өрнөх байсан. Гэвч Эрдоан ялсан, Турк улс сонголтоо хийсэн болохоор энэ байдлаараа аж төрөх нь.