АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Парист айлчиллаа. Түүнээс өмнө Францын аугаа хувьсгалын 200 жилийн ойг тохиолдуулан Елисейн ордны талбайд 1989 онд зохион байгуулсан баярын жагсаалыг том Жорж Буш үзэж байв. Зарим эх сурвалжийн нотолсноор, Э.Макроны өмнөх Төрийн тэргүүн Франсуа Олланд жилийн өмнө гаргасан шийдвэрийн дагуу Америкийн Ерөнхийлөгчийг урьсан аж. Дэлхийн нэгдүгээр дайнд АНУ оролцсоны 100 жилийн ойг тохиолдуулан тус улсыг баярын жагсаалд оролцуулах шийдвэрийг тэрбээр гаргасан юм.
Ойрхи болон Дундад Дорнод, тэрчлэн Африкийн хямралыг даван туулахад чухал түнш учраас АНУ-ын Ерөнхийлөгчийг Парисын ёслолд урьсныг айлчлал эхлэхийн өмнө тайлбарлажээ. “АНУ тагнуул, цэргийн хамтын ажиллагаа, терроризмтой тэмцэх талаарх манай анхны түнш юм. Энэ бол түүхэн түншлэл. Тиймээс Дэлхийн нэгдүгээр дайнд Америкийн цэрэг оролцсоны 100 жилийн ойг тэмдэглэх, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, аюулгүй байдлын хүрээнд харилцах шаардлагаа онцлон тэмдэглэхийн тулд Дональд Трампыг урилаа” гэж Францын Төрийн тэргүүн “Ouest-France” сонинд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Тэгэхдээ Вашингтоныг худалдаа хийхдээ гаалиар хавчих бодлого баримтлах хандлагатайг шүүмжлэн, уур амьсгалын асуудлаар санал зөрж буйд харамсаж буйгаа илэрхийлэх эрхээсээ Парис татгалзсангүй. Франц улс АНУ-ын далбаан доор орох гээгүйг ГХЯ-ных нь Дүн шинжилгээний төвийн тэргүүн, судлаач Жюстен Вайс онцлон тэмдэглэжээ. Хоёр улсын харилцааны түүхэнд амаргүй үеүд байсныг тэрбээр сануулсан байна. “Гадаадын цэрэг Францад байсан нь генерал де Голльд таалагдаагүй учир тэрбээр НАТО-гийн нэгдсэн командлалаас гарахаар шийдсэн. Энэ нь улсынхаа нутаг дэвсгэрээс АНУ-ын баазууд болон цэргийг гаргахыг илтгэсэн билээ” хэмээн судлаач тэмдэглэжээ. Де Голлийн халааг авагчид холбоотны харилцаагаа ч, гадаад бодлогын бие даасан байдлаа ч хамгаалахыг эрмэлзсээр ирсэн.
“Одоо ОХУ, АНУ хоорондын харилцаанд шударга зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийн төлөө өрсөлдөх үндэслэл бидэнд бий. Гэхдээ энэ үүргийг илгээлт дамжуулахаар хязгаарлаж болохгүй” гэж шинжээч Адриен Дезюэн үзэж байна.
Ф.Олландын үеийнхээс ялгаатай нь шинэ Ерөнхийлөгчтэй Франц улс Башар Асадыг огцруулахыг Сирийн мөргөлдөөнийг зохицуулах урьдчилсан болзол болгохгүйг шинжээч тэмдэглэжээ. “Макрон энэ тухай Оросын Төрийн тэргүүн Владимир Путинтэй ярилцсан. 2015 онд Францад болсон террорист ажиллагааны дараа ийм байр суурьтайгаа илэрхийлсэн Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Драинтай санал нэг байгаагаа А.Макрон мэдэгдсэн. Батлан хамгаалахын сайд асан Ле Драин ч Оростой үйл ажиллагаагаа зохицуулахаа мэдэгдэж байв” гэж А.Дезюэн дурдсан байна. Түүний үзэж буйгаар, Елисейн ордныхон дипломат бодлогоо НАТО-г тэргүүлэгчдийн барьцаа болгохыг хүсэхгүй байгаа аж.
Сирийн мөргөлдөөний дараах үеийн талаар улс төрийн тодорхой шийдвэр гаргах нь чухал байна хэмээн Францын удирдагч үзэж байна. “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүдээр тодорхой арга хэмжээнүүдийг ойрын хугацаанд хэлэлцүүлэх талаар ажиллахыг дипломатчдаасаа хүссэн” гэж Трамптай хэлэлцээ хийснийхээ дараа А.Макрон тэмдэглэжээ. ОХУ-тай хамтран ажиллах хэрэгтэйг Францын Ерөнхийлөгч онцолсон байна. “Владимир Путинтэй Версаль хотод уулзсан. Маш чухал уулзалт болсон. Бидний байр суурь бүх талаар нийцээгүй. Гэхдээ хамтран ажиллаж, мэдээлэл солилцож, шийдлийг хайх нь чухал” гэж А.Макрон дурджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчтэй байгуулсан, Сирийн баруун өмнөд нутагт гал зогсоох тухай тохиролцоо нь хэрэгжиж буйг Д.Трамп дашрамд хэлсэн байна. Тэрбээр А.Макроныг хүчтэй удирдагч хэмээсэн. Елисейн ордонд ороод 100 хоног болоогүй байгаа ч А.Макрон Францын дипломат бодлогыг шинэ голдиролд хэдийнэ оруулжээ. Хэн нэгэнд сургамж өгөхгүй ч хаана ч үндэсний эрх ашгаа хамгаалахад түүний баримталж буй бодлогын утга учир оршино. Өмнөх удирдагчтай харьцуулахад Францын 39 настай Ерөнхийлөгч ажил хэргээ явуулах атаархам эрч хүчтэй төдийгүй өнгөрсөн болон өнөө цагийг илүү гүн гүнзгий ойлгодгоо харуулж нэгэнт чадсан байна.
Елисейн ордны талбайд болсон баярын жагсаалын үеэр хоёр удирдагч орчуулагчгүйгээр ярилцаж байсан нь зочдын анхаарлыг илэрхий татжээ. Европ дахь байлдааны ажиллагаанд оролцохоор 100 жилийн өмнө тусгайлан байгуулагдсан АНУ-ын явган цэргийн нэгдүгээр дивизийн цэргүүд тус улсын байлдааны нисэх онгоцуудын хамт жагсаалыг нээсэн байна.