Монгол улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга өчигдөр буюу долдугаар сарын 10-нд тангараг өргөсөн билээ. Ингэснээр маргааш улсын баяр наадмыг бид шинэ ерөнхийлөгчтэйгөө угтаж, дөрөв дэх төрийн тэргүүн Ц.Элбэгдорж суудлаасаа буух юм.
Тэгвэл түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдсонд ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин зэрэг гадаад орны удирдлагууд баяр хүргэсэн юм. Харин тангарагаа өргөсний дараа Хятадын Засгийн газар шинэ ерөнхийлөгчид баяр хүргэсэн ч сонгуулийн үеэр хариуцлагагүй үг хэлсэнд нь санаа зовниж байгаагаа мэдэгджээ.
Тодруулбал, тус улсын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр бол ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Монголын зарим улс төрчид Хятад-Монголын харилцаанд сэв суулгаж болохуйц хариуцлагагүй үг хэлж, гүтгэсэн тал маш их гарсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Хятад улс хөрштэйгөө найрсаг харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.
БНХАУ-ын дарга Си Жиньпин ч Х.Баттулгад төрийн тэргүүн болсонд нь баяр хүргэж, бас Монголын ард түмэнд баяр наадмын мэндчилгээ илгээсэн байна.