“Их-20”-ийн чуулганы үеэр Д.Трамп, В.Путин нар анх удаагаа нүүр тулан уулзах нь. Өмнө нь Кремль, Цагаан ордны албан ёсны төлөөлөл төрийн тэргүүн нарын уулзалт зөвшилцлийн шатанд байгаа гэж нэг бус удаа мэдэгдэж байсан. Өнгөрөгч мягмар гаригт уулзалтыг албан ёсоор зарласан билээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Теллерсон “Их-20”-ийн чуулганы үеэр болох АНУ болон ОХУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалтын хөтөлбөрийн талаар мэдэгдэл хийжээ.
Тэрбээр Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгчтэй Сири дэх нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр зэхэж буй төдийгүй. Сирийн Засгийн газрын цэргүүд химийн зэвсэг ашиглахыг таслан зогсооход ОХУ ихээхэн үүрэг хүлээж байгаа талаар дурдлаа. “АНУ болон ОХУ хооронд санал зөрөлдөх асуудал цөөнгүй ч Сирийн нөхцөл байдлыг хамтран зохицуулах боломж бий. ОХУ нь Башар Асадын дэглэмийн баталгаа болж байгаагийнхаа хувьд Сирийн ард түмний хэрэгцээг хангах, сөргөлдөгч талууд Исламын улсын дайчдаас чөлөөлж, тогтоосон хил хязгаараа зөрчихгүй байх тал дээр үүрэг хүлээж буй хэмээн Вашингтон ойлгож байгаа” гэж Төрийн нарийн бичгийн дарга мэдэгдлээ.
“Сирид тогтвортой байдлыг бүрэн тогтоох тийм төгс хувилбар байхгүй. Гэхдээ Исламын улсыг устгахад саад болж буй бүхий л тотгоруудыг үгүй хийхийг, мөн террористуудад дахин сэргэн өндийх боломж олгохгүй байхыг олон улсын хамтын нийгэмлэгээс, ялангуяа ОХУ-аас шаардаж байгаа” гэж Р.Теллирсон дүгнэсэн байна.
Түүнчлэн тэрбээр Нэгдсэн улс Оросын талтай хамтран тогтвортой байдлыг хангах механизмууд бий болгох боломжийг авч үзнэ гэж мэдэгдээд, үүнд нислэггүй бүсийг байгуулж, гал зогсоох зөвшилцлийг мөрдөж байгааг хянах ажиглагчдыг илгээх, мөн хүмүүнлэгийн тусламжийг уялдаа холбоотой хүргэх зэрэг асуудлыг багтааж байна гэв.
Хэрэв хоёр тал газар дээр тогтвортой байдлыг тогтооход хамтран ажиллах юм бол Сирийн ирээдүйн улс төрийг шийдвэрлэх эхлэлийг тавина” гэлээ. Ингэхдээ Москва, Вашингтон хоёр өмнө нь Сирид агаарын довтолгоо явуулж байхдаа нэг нэгэндээ учруулж болзошгүй хохирлыг тойрон гарч, асуудлыг хурдан, энх тайван байдлаар шийдсэнийг Р.Теллирсон сануулав. “Манай хоёр орны зэвсэгт хүчний удирдагчид Сирийн байлдааны явцад ямар нэгэн золгүй явдал гаргахгүйн тулд хоорондоо маш ойлгомжтой харилцаж байсан хэмээн онцлов.
Үүнээс өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “ОХУ-ын болон АНУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалт манай хоёр орны цаашдын харилцааг тодруулна. Хамгийн гол нь тэргүүлэгч хоёр гүрний удирдагчид нүүр тулан уулзалгүй, зөвхөн утсаар харилцаж байсан бэрхшээлтэй үе шатыг давна. Хэдий АНУ-ын Төрийн нарийн бичиг манайд айлчилж, намайг Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордондоо хүлээж авсан ч хоёр орны тэргүүн биечлэн уулзана гэдэг их чухал” гэж мэдэгдсэн аж.
Оросын тал ямар ч асуудлаар тэр дундаа Сирийн болон Украины нөхцөл байдал, терроризмын эсрэг тэмцэл, хоёр талын харилцааны талаар хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байсан. Хоёр орны харилцааны асуудлын тухай ярихад Барак Обамагийн засаглалын үед АНУ-д Оросын дипломат өмч хураагдсан явдал хөндөгдсөн байна. Тэгэхэд Москва тэвчээр нь барагдаж байгаа талаар сануулсан ч хариу арга хэмжээ авахад Вашингтон хүргэхгүй гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн аж.
АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй асуудлын туслах Герберт Макмастер “Их-20”-ийн уулзалтад мордохоосоо өмнө сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Трампын Европт хийх айлчлалын нэг зорилго нь “Оростой харилцах ерөнхий хандлагыг тодорхойлоход оршиж буйг онцолсон байна. Тэрбээр “Ерөнхийлөгч Трамп хэлэхдээ, АНУ ч тэр, Европ ч тэр, бүхэлдээ Оростой илүү нааштай харилцаа тогтоохыг хүсэж буй. Гэсэн хэдий ч бид тогтворгүй байдлыг бий болгож байгаа Оросын бодлогод цохилт өгөхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно гэдгээ ойлгуулсан ” гэжээ. Д.Трамп, В.Путин нар чуулганы эхний өдөр буюу долдугаар сарын 7-нд уулзах бөгөөд энэ уулзалт чуулганы дундуур “зогсоо” байдлаар биш, харин тухалж суугаад нүүр нүүрээ харсан, бүрэн дүүрэн уулзалт болно хэмээн Кремль мэдэгдсэн бол Америкийн тал энэ тухай тодорхой мэдэгдэл хийгээгүй байна.
Дэлхий дахинд бий болоод буй олон зөрчилдөөн, асуудлыг шийдвэрлэх явцыг түргэсгэхэд энэ уулзалт түлхэц болно гэж найдаж буй талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичиг Дмитрий Песков мэдэгдлээ.
Ерөнхийлөгч Трампыг шүүмжлэгчид Хамбургт Путин илүүрхэх байх гэсэн болгоомжлол тээж байгаа аж. Олон улсын “Ассошэйтэд пресс” агентлагийн бичсэнээр харьцангуй туршлага багатай АНУ-ын тэргүүний зүгээс “том дипломат хожигдол хүлээх” аюул мэдрэгдэж буй гэнэ. АНУ-ын Европ дахь холбоотнуудын дунд ч “Путин анхны нүүр тулсан уулзалтдаа гаргууд учир уулзалтын явцад ямар нэгэн гэрээ хийгдчих вий” гэсэн тодорхой айдас бий. Хэрэв Трамп бэлтгэлгүй ирэх юм бол “уулзалтын өрөөнд хэдий чинээ удна, төдий чинээ аюултай”. Нөгөөтэйгүүр, “Лос- Анжелес” сонинд бичсэнээр АНУ-ын тэргүүн Хамбург орох замдаа Варшавт саатах болсон нь Путинтэй уулзахаас өмнө байр сууриа бататгах зорилготой биз ээ.