Хоёр сарын өмнө Лондоны гүүрэн дээр халдлага үйлдэж, найман хүний амь насыг хохироосон аймшигт хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ хэргийг Курам Батт гэгч муслим шашинт иргэн үйлдсэн юм.
Тэгвэл түүний эгч Халеема Баттыг Их Британийн хамгийн том нисэх буудал болох "Hearthrow"-оос халсан байна. Тэр болон түүний нөхөр Усман Дарр нар нисэх онгоцны хамгаалалтын албанд ажилладаг байжээ. Түүний дүү нь халдлага үйлдсэнээс хоёр сарын дараа эгч болон хүргэн ахыг нь ажлаас халах болсон шалтгаанаа албаныхан сэрэмжлүүлэх үүднээс хийсэн үйлдэл гэж тайлбарласан байна.
Одоогоор цагдаагийнхан Халеема болон Усман Дарр нарыг халдлагатай холбоотой гэж үзээгүй ч дүүгийнхээ юу хийх гэж буйг гадарлаж байсан гэж хардаж буй юм.
Уг халдлагаас болж найман иргэн нас барсан. Тэдгээрийн нэг нь Канадын иргэн 30 настай Кристин Арчибалд байв. Арчибалд машинд дайруулсныхаа дараа сүйт бүсгүйгийнхээ хажууд өөд болсон юм. Түүнчлэн 32 настай Жэймс МакМуллен гэгч Лондоны зүүн хэсэгт амьдардаг залуу өөд болсон юм. Нэг сая фунтын орлоготой шинэ бизнесээ эхлүүлсэн баяраа тэмдэглэж, сургуулийнхаа найзуудтай цагийг зугаатай өнгөрүүлж яваад цээжиндээ хутгалуулж бурхан болсон билээ. Мөн Австралийн иргэн, сувилагч мэргэжилтэй Кирсти Боден шархадсан хүмүүст туслаж яваад өөрөө золиос нь болсон бол Францын иргэн, зөөгч Александре Пижард мөн цээжиндээ хутгалуулж нас барсан, түүний нутаг нэгт 36 настай Себастиен Белангерийн хувьд Аваргуудын лигийн тоглолтыг үзэх зорилгоор Пижардын ажилладаг зоогийн газарт ороод нас барсан байна. Тэд найзууд байжээ.
Харин 21 настай Австралийн иргэн, залуухан эх Сара Зеленакийн хувьд хүзүүндээ хутгалуулж бурхан болсон, Испанийн иргэн 39 настай Игначио Эчеверриагийн хувьд нуруундаа хутгалуулж өөд болсон юм.
Сүүлийн хохирогч 45 настай Хавьер Томас Францын иргэн. Тэрбээр найз бүсгүй Кристин Делкросын хамт гүүрэн дээр зугаалж яваад халдлагад өртсөн. Гэхдээ түүнийг гүүрэн дээрээс үсэрсэн үү, эсвэл автомашин мөргөсөн үү гэдэг нь тодорхойгүй байгаа юм.