Хоёр орны Тэргүүн нарын хувьд энэ нь 2017 онд хийж буй гурав дахь уулзалт юм. Энэ удаагийн уулзалт “Их 20”-ийн чуулганы өмнө болж буйгаараа онцлог юм. Уулзалтын гол сэдэв Солонгосын хойгийн асуудал байх нь дамжиггүй. Судлаачдын онцолж байгаагаар ОХУ болон БНХАУ тухайн бүс нутагт дайн гаргуулахгүй байх бүх талын арга хэмжээ авах гэнэ.
Олон улсын тавцанд, тэр дундаа батлан хамгаалах салбарт хоёр улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаад барууныхан түгшиж байна. ХБНГУ-ын Сангийн сайд Вольфганг Шойблын мэдэгдсэнээр “Хэрэв АНУ өөрийн нөлөөний хүрээнд Орос, Хятадад давамгай эрх олговол дэлхийн либерал горим алдагдах магадлалтай” аж. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд тогтвортой байдлыг хадгалах АНУ-ын эрмэлзэл суларч буйтай холбогдуулан энэхүү үүргийг Европ үүрэх нь зүйтэй гэж үзэж болох юм.
В.Шойблтой зэрэгцэн Литва улсын Гадаад хэргийн сайд Линас Линкявичюс “БНХАУ, ОХУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь бүс нутгийн тогтвортой байдалд аюул учруулж болзошгүй” гэж мэдэгджээ. Орос, Хятад улс Балтийн тэнгист хамтарсан цэргийн сургуулилалт хийсэн нь түүнийг ийнхүү санаа зовоход хүргэсэн бололтой.
Их гүрний хувьд манай урд хөршийнхөн агаарын болон усан цэргийн хүчээ дэлхийн аль болох олон цэгт байрлуулахыг зорих нь ойлгомжтой. Гэвч одоогоор Москва ч, Бээжин ч “Цэргийн эвсэл байгуулахыг зориогүй” хэмээн мэдэгдэж байна.
“Бид цэргийн холбоотнууд биш. Батлан хамгаалахын салбарт хамтран ажиллаж байгаа нь манай хоёр орны улс төрийн итгэлцэл, ойр дотно байдлыг харуулж байгаа юм” гэж ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрей Денисов хэлсэн байна.
Хэдий тийм ч Солонгосын хойгийн хямрал өнөөдөр биш гэхэд ойрын ирээдүйд дээрх асуудлыг өөр тийш нь эргүүлэх магадлалтай. Цөмийн зэвсгээр түрий барих Хойд Солонгосын бодлого ч, АНУ тус хойг руу түрүүлээд урьдчилан сануулах цохилт хийж болзошгүй аюул ч Хятад, Оросын санааг чилээж буй.
Америкийн Ерөнхийлөгч Д.Трамп Ардчилсан Солонгосын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх бодлогоо шулуухан илэрхийлчихсэн учир Москва, Бээжин хоёр байр сууриа нийцүүлэх нь ойлгомжтой. Солонгосын хойгийн хямралыг зохицуулах зорилго бүхий ОХУ-ын боловсруулсан “Солонгосын замын хөтөч”- ийг дэмжиж буйгаа БНХАУ өөрийн боловсруулсан “Давхар дуусгавар” төлөвлөгөөгөөрөө нотолсон аж.
Хоёр орны Төрийн тэргүүн нарын уулзалтад “Торгоны зам” төсөл яригдах нь дамжиггүй. Хятадын хувьд өөрийн бараа, бүтээгдэхүүнээ хил, гаалийн хүнд сурталгүйгээр Европ руу гаргах нь нэн чухал байгаа. Евразийн Эдийн засгийн холбоонд ОХУ гол үүрэг гүйцэтгэдгийн хувьд Хятадад энэ боломжийг олгож буй.
“Нэг бүс, нэг зам” төсөл тус холбоотой амь нэг гэдгийг Хятад, Орос хоёр тунхагласан аж. Хоёр тал 2017-2020 он хүртэл Орос, Хятадын хоорондох хамтын ажиллагаа, найрамдал, сайн хөршийн харилцааны гэрээний хэрэгжилтийн төлөвлөгөөг сунгах зөвшилцөлд гарын үсэг зурах юм байна.
Мөн уулзалтын үеэр мэдээллийн технологи, эрүүл мэнд, үйлдвэрлэл, инновацын парк, аялал жуулчлалын салбарт нийт 12 тэрбум долларын харилцан хөрөнгө оруулах гэрээ хийх талаар талууд хөндсөн аж. Хоёр орны Төрийн тэргүүн уулзах он дуусахаас өмнө дахиад ч гурвантаа юм байна.