Европын олон улсын Засгийн газар болон компани мягмар гаригт томоохон кибер халдлагад өртлөө гэж Европын холбооны цагдаагийн байгууллага болох Европол мэдэгдлээ. Хакерчид компьютерыг түгжин, түүн дэх мэдээллийг нь авах боломжгүй болгодог вирус тараажээ. Тодруулбал, хэрэглэгчид хакерчдад барьцааны мөнгө өгөхөөс нааш хүмүүс компьютер дахь мэдээллээ авах боломжгүй боллоо. Энэ вирус мөн АНУ-д тархжээ.
Украины ДХЯ-ны мэдэгдсэнээр, тус улсын Засгийн газрын харьяа газрууд, харилцаа холбоо болон банк санхүүгийн байгууллага кибер халдлагад өртсөн байна. Нийслэл Киев хотын дэлгүүрдэд “Visa” картаар төлбөр тооцоо хийх боломжгүй болжээ. Цөмийн гамшигт өртсөн Чернобылийн атомын цахилгаан станы орчмын цацраг идэвхт бодисын хэмжээг хянадаг систем мөн халдлагад өртсөн бөгөөд хорт бодисын хэмжээг гар аргаар шалгахаас өөр аргагүйд хүрсэн гэнэ.
Энэ оны тавдугаар сарын 12-нд дэлхийн 150 орны 200 мянга гаруй компьютер, тэдгээрийн дотор Засгийн газар, эмнэлэг болон хувийн компаниудын системүүд “WannaCry” вирусийн халдлагад өртсөн билээ. Халдлагын улмаас Их Британийн эмнэлгүүдийн үйл ажиллагаа доголдож, Францын автомашины компани үйлдвэрлэлээ түр зогсоохоос өөр аргагүйд хүрч байв.
Уг халдлагын ард Умард Солонгосын хакерчид байж магадгүй гэж судлаачид анх таамаглаж байсан боловч хожим нь Хятад улс уг халдлагатай холбоотой байх магадлал өндөр байна гэж мэдэгдсэн юм. Учир нь уг вирусийг тарааж, заасан хугацаанд мөнгө шилжүүлэхгүй бол компьютер дээрх мэдээллийг устгана гэсэн анхааруулгыг хятад хэлээр төгс ярьдаг хүн бичсэн болохыг тогтоосон гэж “Flashpoint” байгууллагын судлаачид мэдэгдэж байлаа. Харин барьцааны мөнгө нэхсэн анхааруулгыг солонгосоор маш муу орчуулсан байжээ.