Йемен улсад холер буюу булчин задрах тахал дэлхийд урьд өмнө байгаагүй хурдацтай тархаж буйг НҮБ-ын Хүүхдийн сан болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын хамтарсан мэдэгдэлд дурджээ. Дайны хөлд нэрвэгдсэн тус улсад уг өвчний халдвар авсан байж болзошгүй 200 мянга гаруй хүн бүртгэгджээ. Сүүлийн саруудад 1300 хүн нас барсны 25 хувь нь хүүхэд байв.
Өнгөрсөн сарын дундуур нас барсан хүний тоо 51 байсан юм. НҮБ-ын тооцоолсноор, ирэх наймдугаар сарын сүүлчээр халдвар авсан хүний тоо 300 мянга хүрч болзошгүй. Ердөө хоёрхон сарын хугацаанд булчин задрах тахал тус улсын бараг бүх мужид тархжээ. Халдвар авсан 5000 орчим тохиолдол өдөрт бүртгэгдэж байна.
Засгийн газрын хүчнийхэн болон исламын босогчдын “Хусит” бүлэглэлийн хооронд хоёр жилийн өмнө дайн дэгдсэнээс хойш тус улсын эрүүл мэнд, ус болон ариун цэврийн байгууламжууд эвдэрч, сүйтгэгдсээр байна.
Бохир ус, хоол хүнсээр дамждаг холер буюу булчин задрах тахал нь цаг агаар дулаарах үед идэвхждэг өвчин юм. Халдвар авсан хүнд суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ийм үед яаралтай эмчлэх арга хэмжээ авахгүй бол хэдхэн цагийн дотор үхэлд хүргэх аюултай. 28 сая хүн амынх нь 18.8 саяд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа бол долоон сая орчим хүн өлбөрч үхэхийн ирмэгт тулжээ.
ДЭМБ-аас мэдээлснээр, Йемений мөргөлдөөнд Саудын Араб хөндлөнгөөс оролцож эхэлсэн 2015 оноос хойш 8000 гаруй хүний амь үрэгдсэн байна.