Арабын орнууд авсан хориг арга хэмжээгээ цуцлахын тулд хүлээн зөвшөөрөх, бас биелүүлэх боломжгүй шаардлагыг Катарт дэвшүүлжээ. “Хууль бусаар авсан арга хэмжээ нь терроризмтой тэмцэхтэй ямар ч холбоогүй бөгөөд Катар улс тусгаар оршин тогтнох эрхийг хязгаарлаж, гадаад бодлогод нь хөндлөнгөөс оролцсон хэрэг юм. Үүнийг Арабын орнуудын тавьсан шаардлага нотолж байна” гэж Катарын Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга, шейх Саиф аль-Тани мэдэгдсэн байна. Одоо тус улсын Засгийн газар Арабын орнуудаас тавьсан шаардлагыг судалж, өгөх хариугаа бэлдэж байгаа гэнэ.
Персийн булангийн орнуудын улс төрийн томоохон хямрал энэ сарын эхээр тус бүс нутгийн 10 гаруй орон Катарт дипломатын болон эдийн засгийн хориг арга хэмжээ авснаар эхэлсэн юм. Тэд терроризмыг санхүүжүүлж, тус бүс нутгийн тогтвортой байдалд халдах гэж байна хэмээн Катарыг буруушаасан билээ. Энэ бүхнийг Доха үгүйсгэж байна.
Дипломат харилцаагаа тасалсан дөрвөн орон болон Саудын Араб, Египет, Арабын Нэгдсэн Эмират Улс болон Бахрейнаас Катарт 13 шаардлага тавьж, тэдгээрийг 10 хоногийн дотор хэрэгжүүлбэл хориг арга хэмжээгээ цуцлахаа мэдэгджээ. Тухайлбал, Катарыг телевизийн “Аль-Жазира” компанийг санхүүжүүлэхээ больж, Туркийн цэргийн баазыг хааж, Ирантай тогтоосон харилцаагаа таслахыг шаардсан байна.
Катар, түүний хөрш орнууд хоорондын хямралыг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер “Өөрсдөө шийдэх, дотоод асуудал” хэмээжээ. Катарт биелүүлж болохоор шаардлага тавихыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон хөрш орнуудад нь уриалсны дараа тэдгээр улс дээрх шаардлагыг гаргасан байна.