БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ онд багтаан БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай уулзах найдлага тавьж байгаа аж. “Энэ онд багтаан яриа хэлэлцээ хийх нөхцөл бүрдэнэ хэмээн найдаж буй. Гэхдээ яриа хэлэлцээ хийх хэрэгтэй хэмээн бид үзэж буйгаас биш, уулзахыг тэсэн ядан хүлээж байна гэсэн үг бус” гэж БНАСАУ-ын удирдагчтай уулзах боломжтой, эсэх талаар телевизийн CBS news сувагт ярилцлага өгөхдөө хэлжээ.
Хоёр Солонгосын удирдагчид урьд нь хоёр удаа уулзаж байсан. Тодруулбал, 2000, 2007 онд Пхеньянд, Умард Солонгосын удирдагч агсан Ким Жөн Ирийн үед уулзаж байсан юм.
Өнгөрсөн тавдугаар сард Өмнөд Солонгост товлосон хугацаанаас өмнө болсон сонгуульд ялсан Мүн Жэ Ин Солонгос хоорондын харилцааг хэвийн болгохын тулд хүчин чармайлт гаргахаа амласан боловч БНАСАУ баллистик пуужин туршсаар байгаагийн улмаас тийм үйл явдал хараахан болоогүй байна.
Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлаар хоёр үе шаттай, тодруулбал, эхлээд тийм зэвсэг бүтээхээ зогсоох, дараа нь бүрмөсөн татгалзуулах арга хэмжээ авахаа АНУ-д айлчлах үеэрээ ярилцана гэдгээ тэрбээр мэдэгдээд, Пхеньянтай идэвхтэй хэлэлцээ хийхийг уриалжээ.
“Washington post” сонин ы сэтгүүлч түүнтэй ярилцахад тэрбээр ингэж хэлсэн байна. БНАСАУ-ын асуудлыг шийдэхийн тулд яриа хэлэлцээ л хийх хэрэгтэй бөгөөд энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай илэн далангүй, нээлттэй ярилцана хэмээн найдаж буйгаа Мүн Жэ Ин илэрхийлжээ.
“Хэрэв Умард Солонгосын дэглэм цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн тусламжтайгаар өөрийгөө хаацайлж, хамгаална хэмээн үзэж буй бол энэ нь эндүүрэл. Харин БНАСАУ цөмийн хөтөлбөрөөсөө татгалзвал өөрийгөө хамгаалж, хөгжихөд нь бид тус улсад тусална. Ийм хоёр мессежийг бид Умард Солонгост шат дараатай илгээнэ” гэж Мүн Жэ Ин төлөвлөж байна.
Вашингтонд энэ сарын 29-30-нд БНСУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийж, Солонгосын хойгийн хямралын талаар ярилцахаар төлөвлөж буйгаа Цагаан ордон урьд нь мэдээлсэн билээ.