АНУ-д жилд 17 хүртэлх насны 1300 орчим хүүхэд бууны суманд өртөн амиа алддаг. АНУ-ын Өвчлөлд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх төвийн судалгаанаас үзвэл, тус улсад жилд 5800 хүүхэд бууны суманд өртөн шархаддаг байна. Галт зэвсгэнд өртөн амиа алдсан өсвөр насныхны 82 хувийг эрэгтэй хүүхэд эзэлдэг. Мөн тийнхүү амиа алдсан хар арьст хүүхдүүдийн тоо цагаан арьст хүүхдүүдээс 10 дахин олон байгааг судлаачид тогтоожээ.
Эдгээр хүүхдийн талаас илүү хувь нь бусдын гарт амиа алдсан бол 38 хувь нь амиа хорлосон гэнэ. 2007-2015 онд буу хэрэглэн амиа хорлосон хүүхдийн тоо 60 хувиар нэмэгдсэн байна. Сэтгэл санааны хямралд орсон, найз хөвгүүн, эсвэл охинтойгоо, гэр бүлийнхэнтэйгээ таагүй харилцаатай болсон хүүхдүүд гол төлөв амиа хорлодог аж.
Санамсаргүй байдлаар буу алдсаны улмаас амиа алдсан хүүхдүүдийн тоо буутай холбоотойгоор амьсгал хураасан хүүхдүүдийн ердөө зургаан хувийг эзэлж байна. Хүүхдүүд ихэнх тохиолдолд тоглож байгаад буу алддаг. Хамгийн сүүлд Пенсильвани муж улсад дөрвөн настай хүү нүүрэндээ буудан өөрийгөө хөнөөжээ.