БРИКС-ийн гишүүн улсууд болох Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ болон Өмнөд Африк хоорондын хамтын ажиллагаа улам бүр үр өгөөжтэй болж, ойрын 10 жил тус байгууллагын хувьд алтан үе байх болно гэж Хятадын дарга Си Зиньпин мэдэгджээ. Тэрбээр Бээжинд болсон БРИКС-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцож, үг хэлсэн байна.
“Энэ байгууллага үүсэн байгуулагдсанаас хойш 10 жил болжээ. Энэ бүх хугацаанд тус байгууллагын гишүүн орнууд хөгжлийн асуудалд гол анхаарлаа хандуулсан нь эдгээр орны ард түмний сайн сайхан байдалд эергээр нөлөөлж, улмаар дэлхий дахинд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаа амжилттай шийдэх боломж олголоо” хэмээн Хятадын удирдагч тэмдэглэжээ.
Бээжинд болсон БРИКС-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр манай гаригт янз бүрийн өөрчлөлт хийж буй хүнд нөхцөлд тус байгууллагын гишүүн орнуудын чиг хандлагыг зохицуулах болон хамтран ажиллах, энх тайван, олон улсын тогтвортой байдлыг дэмжин сахиулах асуудалд анхаарлаа хандуулсан байна.
Тэрчлэн Гадаад хэргийн сайд нар Сири, Ойрхи Дорнод, Афганистан, Африк дахь олон улсын анхаарал татсан мөргөлдөөнийг зохицуулах, олон улсын терроризмын аюултай тэмцэх талаар хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх асуудлаар санал солилцсон байна.
Энэ нь ирэх есдүгээр сард болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтын өмнөх гол арга хэмжээ, түүнд бэлтгэх арга хэмжээнүүдийн эхлэл байв. Тодруулбал, Хятадын Сямэнь хотод ирэх есдүгээр сарын 3-5-нд болох дээд хэмжээний уулзалтаас өмнө залуус, парламентын гишүүд, арилжааны бус байгууллага, судалгааны төв, аюулгүй байдлын зөвлөл, соёлын зүтгэлтэн, бизнес эрхлэгчид нь уулзана. Тэдний санаа бодлыг дээд хэмжээний уулзалтын тунхаг бичигт тусгах гэнэ.
Гэхдээ одоо тус байгууллагын өмнө багагүй бэрхшээл тулгарсан байгаа билээ. Бразил, ӨАБНУ улс төр, эдийн засгийн хямралтай байгаа бол Энэтхэг, Хятад хоёр Ази дахь нөлөөний хүрээгээ өөр хоорондоо улам бүр идэвхтэй хувааж байна. Хөрөнгө оруулахад таатай орнуудыг илтгэсэн, “Goldman Sachs” банкны шинжээч Жим О’Нилийн бодож олсон толгой үсгийн нийлэмжээс улбаатай БРИКС анх нийтлэг ашиг сонирхлоо хайхаас асуудалтай тулгарч эхэлсэн юм. Тус байгууллагын эдийн засгийн эрчимтэй өсөлт, хамрах газар нутгийн хэмжээ тэлсэн үед бэрхшээл нь анзаарагддаггүй байжээ.
Харин одоо Бразил, ӨАБНУ, ОХУ-ын эдийн засгийн өсөлт тэг болтлоо унаж, нэмээд улс төрийн хямрал нүүрлэсэн байна. Пакистан болон Энэтхэгийн далайн бүс нутгийг чиглэсэн стратеги нь нийцээгүйн улмаас Энэтхэг, Хятадын харилцаа мууджээ.
Тодруулбал, Энэтхэг улс хятадын “Бүс ба зам” төслийг дэмжсэн тунхаг бичигт нэгдэхээс шууд татгалзсан бол Энэтхэгээс Кашмирыг салган тусгаарлахын төлөө тэмцдэг Пакистаны “Жаиш-е-Мухаммад”, “Лакшар-е-Тайба” бүлэглэлийг Хятад улс буруушаахаас татгалзсан билээ.
Энэ нь гишүүн таван улсын эв нэгдэлд илэрхий сөргөөр нөлөөлж буй юм. Үл ойлголцлыг ОХУ зуучилснаар шийдэх боломжтой хэмээн Шанхайн нийгмийн ухааны академийн Орос судлалын төвийн захирал Пань Давэй үзэж байна.