Хойд Солонгосын шоронд 15 жилийн хоригдох ял авсан америк оюутан, 22 настай Отто Уормберийн үхэл өдгөө дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Учир нь шүүхээс ял авснаас хойш 17 сарын дараа эх орондоо эргэж ирсэн ч зургаан хоногийн дараа өөд болсон юм.
Тэгвэл түүний үхлийн талаар АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ өмнөх төрийн тэргүүн Барак Обамаг эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг аваагүй хэмээн буруутгасан байна. Тэрбээр "Оттод тохиолдсон явдал бол хэзээ ч байж болохгүй зүйл байлаа. Бид түүнийг шүүхээс яллахаас нь өмнө гэртээ авчрах ёстой байлаа. Шаардлагатай арга хэмжээг яаралтай хийсэн бол ийм ичгэвэртэй эмгэнэлт явдал болохгүй байсан юм" гэж ярьжээ.
Отто Уормберийн эцэг Фред Уормбер ч мөн ийм бодолтой байгаа. Тэрбээр Барак Обамагийн засаг захиргаа уг хохирогчийн гэр бүлийнхэнд хандаж, уг асуудлыг дэвэргэхгүй байхыг хүсч байсан гэнэ. Д.Трамп талийгаачийн эцэг эхтэй ярилцсан бөгөөд тэднийг гайхалтай хүмүүс хэмээн онцолжээ. Тэрчлэн Б.Обамагийн засаг захиргааг иргэнээ аврах үйл явцад хойрго хандсан хэмээн шүүмжилсэн юм.