БНАСАУ-ын цэргийн алба хаагч Ханган голыг сэлж гатлаад, Өмнөд Солонгос руу дүрвэжээ. Энэ нь сүүлийн долоо хоногийн хугацаанд дүрвэсэн хоёр дахь хүн юм. Тэрбээр живэхгүйн тулд мөрөндөө хөөсөнцөр уяад, голыг нарийн хэсгээр нь сэлж гаталсан болохыг Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдэв. Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-ын өөр нэг цэрэг хоёр улсыг заагладаг, чанга хамгаалалттай хилээр Өмнөд Солонгост очсон байна. Урьд нь жилд ганц л цэрэг дүрвэдэг байжээ.
“Yonhap” агентлагийн мэдээлснээр, сүүлд дүрвэж ирсэн, 20 гаруй насны цэрэг Сөүлээс баруун тийш орших Кимпхо хотод саатуулагдсан байна. Тэрбээр Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийг хараад “Намайг бүү хороогоорой, би танай талд очмоор байна” хэмээн хашгирсан гэнэ.
Умард болон Өмнөд Солонгос албан ёсоор дайны байдалтай улс, 1953 онд дууссан зэвсэгт мөргөлдөөн түр эвлэрснээр дууссан бөгөөд найрамдлын гэрээ байгуулаагүй юм. БНСУ-ын эрх баригчдын мэдээлснээр, Солонгосын дайн дууссанаас хойш Умард Солонгосын 30 мянга гаруй иргэн өмнөд рүү дүрвэсний дийлэнх нь Хятадаар дамжсан байна.