Их Британийн нийслэл Лондон хотын баруун дүүрэг дэх 24 давхар орон сууцанд шөнө, хүмүүс унтаж байхад гал гарч, 12 хүн амиа алджээ. Гал гарах үед уг байранд 600 орчим хүн байсан хэмээн таамаглаж байна. Түлэгдсэн 79 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс 18-ынх нь бие муу байгаа гэнэ. Зарим оршин суугчийг сураггүй болсонд тооцжээ. Гал сөнөөгчид болон цагдаагийнхан барилгыг бүхэлд нь шалгаж, эсэн мэнд үлдсэн хүн байхгүйг тогтоосон байна.
Гал барилгыг бараг бүхэлд нь хамарсан бөгөөд зарим давхрынхыг бүрэн унтрааж амжаагүй байгаа аж. Түймэр дэгдсэн хараахан шалтгааныг тогтоогоогүй байна. Аврах ажиллагаа эрт эхэлсэн учир оршин суугчдын олонхыг байрнаас нь эсэн мэнд гаргажээ.
Гренфелл нэртэй, 120 айлын уг орон сууцыг 1974 онд барьсан аж. Саяхан том хэмжээний засвар хийсэн гэж нэгэн оршин суугч ярьсан байна. Оршин суугчдын олонх нь Ойрхи Дорнод, Африкийн орнуудаас гаралтай, бага орлоготой хүмүүс байсан ажээ. Нэгэн оршин суугчийн ярьснаар, түүний хөргөгч гал гарахын өмнө дэлбэрсэн гэнэ. “Гал маш хурдан тархсаныг үнэхээр гайхаж байна” гэж өөр нэг оршин суугч ярьжээ.
Тус улсад сүлжээ ресторантай, телевизийн хөтлөгч, хоолны олон ном гаргасан Жейми Оливер гал түймэрт хэлмэгдэгсдэд үнэгүй хоол, уух юм өгч байна. Жирийн лондончууд, олон нийтийн байгууллагууд ч түймэрт өртөгсдөд толгой хоргодох газар, хоол, унд санал болгожээ. Орох оронгүй болсон хүмүүсийг Лондон хотын захиргаа тусгайлан нээсэн төвүүдэд байрлуулсан гэнэ.