Хүчний байгууллагуудын марш тактикийн тэмцээнд оролцож байсан цагдаагийн алба хаагч эмэгтэй энэ сарын 12-нд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүний нас барсан шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллагынхан ажиллаж байна. Олон нийтийн сүлжээнд түүнийг ачааллаа даагаагүйн улмаас нас барсан гэсэн мэдээлэл гараад буй.
Түүнчлэн сэргээш хэрэглэсний улмаас амиа алдсан байж болзошгүй гэсэн яриа гарчээ. Цагдаагийн байгууллагынхнаас энэ талаар тодруулахад “Талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоогоогүй байгаа. Тэрбээр спортоор хичээллэдэг, эрүүл биетэй эмэгтэй байсан. Тэмцээнд орохынх нь өмнө эрүүл мэндийн үзлэг хийлгэсэн. Тухайн өдөр тэмцээнээ дуусгаад, гэртээ харьсны дараа эмнэлэгт хүргүүлсэн юм байна. Тэмцээний өмнө кальци зэрэг шингэн хийлгэсэн нь үнэн. Түүнийг сэргээш гэж ташаа бодсон байхыг үгүйсгэхгүй. Задлан шинжилгээгээр сэргээш хэрэглэсэн, эсэх нь тогтоогдоно” гэв.
Харин түүнд эрүүл мэндийн үзлэг хийсэн Төрийн тусгай алба хаагчдын эмнэлгийнхэн “Марш тактикийн тэмцээнд орох алба хаагчид өнгөрсөн сард манай эмнэлгээр эрүүл мэндээ үзүүлсэн. Тухайн үед 11 хүн тэмцээнд оролцох шаардлага хангаагүй. Улмаар ЦЕГ-аас дахин 12 хүн санал болгосон. Тэдний 11 нь тэнцсэн. Тэр дунд талийгаач байсан” гэлээ.