Лондон хотод хэдэн зуун энгийн иргэд галд өртсөн 27 давхар байшинг шатсаны дараа цахим ертөнцөд нэгэн дуулиан өрнөсөн нь Онцгой байдлын алба галын дуудлага өгснөөс ойролцоогоор хоёр цаг гаруйн дараа ирсэн гэх дуулиан. Уг галыг унтраахаар 40 гаруй техник хэрэгслийн тусламжтайгаар 200 гаруй гал сөнөөгчид шуурхай ажилласан. Твиттерээр нэгэн хэрэглэгч "Хоёр гудамжний цаана байдаг гал унтраах албаныхан яагаад хоёр цаг гаруйн дараа ирж байгаа хэрэг вэ? Хүмүүс үхэж байхад тэд нар унтаж байсан уу" гэх зэргээр бичсэн нь олныг шуугиулсан юм. Энэ хэрэглэгчийг шалгахад тэрбээр Лондонд амьдардаггүй, палестин гаралтай канад эмэгтэй болж таарсан юм. Түүнчлэн өөр нэг хэрэглэгч "Галынхан 1 цаг 45 минутын дараа ирсэн нь хэтэрхий оройтсон байлаа" гэж бичжээ.
Тэгвэл Лондоны гал унтраах албанаас энэ шуугианд албан ёсны хариулт өгчээ. Тус албаны дарга Дэни Коттон хэвлэлийн бага хурал дээр анхны дуудлага 12:54 минутад ирсэн. Үүнээс зургаан минутын дараа л анхны гал сөнөөгчид дуудлагын дагуу очсон байна. Анх дуудлага хүлээж авсан гал сөнөөгчид очсон даруйдаа барилгад гацсан зургаан хүний амийг аварсан болохыг "The Mirror" сонин мэдээлжээ.