Исламын террорист байгууллагуудын салбар улсад нь олноороо үүрлэсэн байна гэж Индонезийн армийн удирдлагууд мэдэгдлээ. Генерал Гатота Нурмантьогийн мэдээлснээр, мусульманчууд хамгийн олноороо оршин суудаг тус улс Филиппиний Минданао аралд болж буй терроризмтой тэмцэх ажиллагааны дүнг түгшин хүлээж байгаа гэнэ. Хэрэв Филиппиний арми ялбал тэндээс зугтсан террористуудын хөлд Индонезийн арлууд дарагдана. Эс бөгөөс, Индонезийн хил дээр исламын хэт давруу үзэлтнүүдийн хяналтын цэгүүд бий болно.
“Индонезийн Папуагаас бусад бүх мужид “Исламын улс” бүлэглэлийн нууц салбар байдаг. Тэд удирдлагаас нь дохио өгвөл зохион байгуулалттайгаар халдан довтлоход бэлэн” гэж генерал Нурмантьо хэллээ. Нууц бүлэглэлийнхэн Филиппинээс босогчид ирвэл нуун далдална гэж Индонезийн хойд нутгийн Сулавеси арал дахь армийн командлагч, генерал Ганип Варсито мэдэгдлээ. Дашрамд дурдахад, Индонезтэй усаар хиллэдэг Филиппиний Минданао аралд Засгийн газрын цэргүүд, “Мауте” бүлэглэл хоорондын тулалдаан гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Филиппиний армийн командлалын мэдээлснээс үзвэл Марави хотын 80 гаруй хувийг террористуудаас чөлөөлсөн бөгөөд тулалдаан тун удахгүй дуусах гэнэ. Сулавесигээс Минданао хүртэл 90 хүрэхгүй км зайтай аж.
Террористуудын хөлд нэрвэгдэж болзошгүй учир Индонезийн арми улсынхаа хойд хилд өргөн хэмжээний бэхлэлт хийж эхэлжээ. Сулавеситэй залгаа олон аралд цэргийн бааз тараан байрлуулж, нэмэлт хүч илгээх гэж байна. Босогчид олноороо ирж байгаа тухай мэдээллийг тагнуулчид хараахан өгөөгүй байгаа ч байдал өөрчлөгдөж болзошгүй хэмээн генерал Варсито хэлжээ. Хамгийн гол нь хил орчмын бүсэд хэдэн зуун жижиг арал бий бөгөөд террористуудад туслаж мэдэх босогчид тэдгээрийг хэдийнэ эзэлсэн байж болзошгүй гэнэ.
Ойрхи Дорнодод олон улсын эвсэл амжилт олохын хэрээр Зүүн өмнөд Азийн бүс нутаг дахь террористуудын ажиллагаа идэвхжиж байна. Ирак болон Сирийн хотуудаас хөөгдсөн босогчид Өмнөд Хятадын тэнгис дэх исламын шашинт орнуудыг зорьж буй аж. Тэд тус бүс нутагт байгаагүй, илүү боловсронгуй тактик, гудамжны тулааны арга, исламын шашны номлолыг тээж яваа.
Индонез улс бүс нутагтаа терроризмын гол эх сурвалж болдгийг ОХУ-ын Стратегийн судалгааны төвийн шинжээч Антон Цветов мэдэгджээ. Исламын шашинт энэ том улсын иргэд малайзчуудын хамт Сири дэх “Исламын улс”-ын бүрэлдэхүүнд үйл ажиллагаа явуулдаг, малай хэлтнүүдийн “Катибах Нусантара” бүлэглэлийн гол гишүүд байдаг гэнэ. “Исламын улс” бүлэглэлд үнэнчээ тангарагласан 20 орчим бүлэг Индонезэд бий аж.