Английн "Уэйст Хэм Юнайтед" багийн эзэн бизнесмэн Дэвид Сулливаны хүү бага Дэвид Сулливан Манчестерийн халдлагын үеэр гэмтэж, бэртсэн хүмүүст туслаж байсан орон гэргүй, тэнүүлч эр Стивен Жонст туслаж, түүнийг байртай болгожээ. Сайхан сэтгэлийнхээ үр шимээр олны танил болж, амьдралаа эрс өөрчилсөн түүнд туслах аян өрнөж, буяны "JustGiving" хуудсаар 32 мянган фунт стерлинг цугларсан юм. Тэгвэл бизнесмэн эрийн хүү Жонст туслахаар шийдэж, түүнийг зочид буудалд байрлуулах төлбөрийг нь төлөөд зогсохгүй байртай болох хүсэлд нь туслахар болжээ.
Дэвид энэ талаар "Одоо тэр орон гэргүй хүн биш болсон. Тун удахгүй шинэ байрандаа орно. Долдугаар сарын 1-нээс өмнө шинэ байрандаа орох байх" гэж ярьсан юм.
Өмнө нь чулууны ажил хийдэг байсан энэ эр Манчестер хотод Салман Абедигийн үйлдсэн халдлагын үеэр хотын төвд унтаж байсан юм. Энэ халдлагаар 22 хүн нас барж, 60 хүн шархадсан билээ. Тэрбээр эхний дэлбэрэлтийг галын наадам болж байна гэж андуурсан ч төдөлгүй сандралсан олон залуучуудыг хараад байдал бишдэж байгааг ойлгожээ. Гэвч тэр зугтсангүй, хүүхдүүдэд туслаж, тэдний шархыг цэвэрлэж байсан бөгөөд сандарч, тэвдсэн хүүхдүүдийг тайвшруулж байсан аж.