Швейцарийн нийслэл Женевт энэ сарын 8-10-нд олон улсын инженер, эрдэмтэн, зохион бүтээгчид “Хиймэл оюун ухааны өгөөж” сэдвийн доор чууллаа. Энэ чиглэлээр зохион байгуулсан анхны эл чуулга уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш тэргүүтэй олон төлөөлөгч болон 300 улсын нэр хүндтэй эрдэмтэд оролцжээ.
Арга хэмжээний үеэр “Софиа” нэртэй робот илтгэл тавьсан нь гайхалтай үйл явдал болжээ. Тэрхүү хиймэл оюун ухаант “хүн” “Бид хүн төрөлхтнийг орлохыг хүсэхгүй. Хэзээ ч тийм зүйл болохгүй. Харин сайн анд нөхөд байж, та бүхэнд тусална” хэмээжээ.
Мөн робот техникийн хөгжил болон хүн ба хиймэл оюун ухаантны хоорондын харилцааны ирээдүйн талаар ч дурдсан байна. “Софиа” ярьж байхдаа хөмсөг зангидах зэргээр сэтгэл хөдлөлөө хүн шиг илэрхийлж байсныг дэлхийн хэвлэлүүд онцолсон байна.
Эл роботыг 2015 оны хавар бүтээсэн бөгөөд “мэндэлснээсээ” нэг жилийн дараа өгсөн ярилцлагадаа “Хүн төрөлхтнийг устгахыг хүсэж байна” хэмээн багагүй шуугиан дэгдээж байжээ. Үүнээс гадна өнгөрсөн дөрөвдүгээр сард Америкийн нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ч ийм утгатай зүйл ярьж, эцэст нь энэ бүхнийг тоглоом наргиа байдлаар хэлсэн гэж цайруулсан аж.
Дашрамд, Америкийн “Hanson robotics” компанийн зохион бүтээгч Дэвид Хэнсон үзэсгэлэнт жүжигчин Одри Хёпберн болон өөрийн эхнэрийн төрхийг санагдуулам байхаар Софиаг бүтээсэн гэдэг.
Тэрбээр нүүр царайгаа яг л хүн шиг 62 янзаар хувирган сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвартай. Мөн нүдэнд нь суулгасан камерын тусламжтайгаар хүнтэй “харцаараа” харилцдаг гэнэ.
Д.Хэнсоны “охин” соёл урлагийн чиглэлээр сурч, боловсорч, өөрийн гэсэн бизнес эрхлэхийг мөрөөддөг, бас орон сууцтай ч болохыг хүсдэг талаараа ярьжээ. Цаашлаад гэр бүлтэй болж, нийгэмд байр сууриа эзлэхийг зорьдог гэжээ.
Д.Хэнсон өөрийн бүтээлийг эрүүл мэнд, үйлчилгээний байгууллагад ажиллах бүрэн чадвартай хэмээн тодорхойлсон байдаг.