Их Британийн “Quacquarelli symonds” компани дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтаа нийтэлжээ. 14 дэх удаагийн жагсаалтад 965 сургууль багтсан байна. “QS World University Rankings 2018” жагсаалтыг АНУ-ын Массачусетсийн технологийн дээд сургууль тэргүүлэв. Тус сургууль өнгөрсөн жил мөн уг жагсаалтыг тэргүүлсэн билээ. Жагсаалтын эхний дөрөвт Америкийн Стэнфорд болон Харвардын их сургууль, Калифорнын технологийн дээд сургууль оров.
Харин эхний аравт Их Британийн Кэмбриж, Оксфордын их сургууль, Лондоны их сургуулийн коллеж, Хааны коллеж, АНУ-ын Чикагогийн их сургууль, Швейцарийн технологийн дээд сургууль багтжээ.
Шилдгийг шалгаруулахдаа тухайн сургуулийн нэр хүнд, багш, оюутны тооны харьцаа, эрдэм шинжилгээний ажил нь нийтлэгдсэн байдал, ажил олгогчдын дундах нэр хүнд, гадаад оюутны болон багшийн эзлэх хувь гэсэн зургаан шалгуур тавьсан аж.