Энэтхэг улсад нарнаас эрчим хүч гарган авах өртөг буурч байгаа тул цахилгаан станцынхан ихээхэн санаа зовниж буй тухай mining.com цахим хуудсанд тэмдэглэжээ. Нүүрсний станцуудын үйлдвэрлэл нь багасаж болзошгүй нөхцөл үүссэн учраас тэр. Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 30 хотын бараг тал нь тус улсад ногддог учраас энэтхэгчүүд үүний эсрэг арга хэмжээ авахыг зорьж буй аж.
Гэхдээ зарим эдийн засагчийн таамаглаж буйгаар Энэтхэгийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа тул уламжлалт буюу нүүрсний цахилгаан станцуудынх нь үйлдвэрлэл буурахгүй байх төлөвтэй гэнэ. Судалгааны нэгэн фирмийн тооцсоноор Энэтхэгт нүүрсний станц барихаас нарны эрчим хүч ашиглах эх үүсвэртэй болох нь 50 хувь хямд тусахаар байгаа аж. Үүнтэй холбоотойгоор сүүлийн гурван сард гэхэд цахилгаан станцын хэд хэдэн тендерийг хойшлуулж, бас хүчингүй болгосон байна.
Японы “SoftBank”, Энэтхэгийн “Bharti enterprises” групп өнгөрсөн сард нэг кВт/цаг эрчим хүчийг 2.44 рупи (3.8 цент)-гээр нийлүүлэх санал тавьж байв. Энэ нь тус улс дахь эрчим хүчний дундаж үнээс хямд юм. Сүүлийн үед Энэтхэг улс сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч гарган авахад ихээхэн анхаарах болжээ.
Тухайлбал, 2014 оны арванхоёрдугаар сараас хойш нарнаас эрчим хүч гарган авах хэмжээ нь дөрөв дахин нэмэгдэж, 12 гВт-д хүрсэн байна. Тэгвэл тэндхийн салхин цахилгаан станцууд 32 гВт эрчим хүч үйлдвэрлэж буй. Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди “88 гВт эрчим хүч үйлдвэрлэх нарны, 28 гВтын хүчин чадалтай салхин цахилгаан станцыг 2022 он гэхэд ашиглалтад оруулахыг зорьж байна” хэмээсэн юм.
Дашрамд дурдахад, Энэтхэг улсын нүүрсний олборлолт өнгөрсөн тавдугаар сард өмнөх жилийн мөн үеийнхээс 4.3 хувиар багасаж, 40.74 сая тоннд хүрчээ. Энэ нь сүүлийн гурван жилийн тавдугаар сарын хамгийн бага дүнд тооцогдов.