Чингэлтэй, Баянзүрх дүүргийн гэр хорооллын айлуудын хашаанд сайжруулсан ариун цэврийн байгууламжтай барих төслийн нээлт өчигдөр болов. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар гурван жилийн хугацаанд үргэлжлэх эл төслийн хүрээнд хөрсний бохирдол хамгийн ихтэй хэсэгт 1500 орчим эко жорлон болон ариун цэврийн байгууламж барихаар төлөвлөжээ. Мөн ялгадсыг боловсруулж бордоо болгох, түүнийг борлуулах ажлыг ч зохион байгуулах гэнэ. Ингэснээр нийслэлийн хөрсний бохирдол буурах бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн чадавх бэхжих аж.
Нийслэлийн Байгаль орчны газрынхан уг төслийн талаар “Гэр хороололд сайжруулсан ариун цэврийн байгууламж нэвтрүүлэх, хүний ялгадас болон шингэн хаягдлын менежментийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм журам, төлөвлөгөө боловсруулж байна. Мөн хаягдал ялгадсыг цуглуулах, бордоо болгох чиглэлээр жижиг, дунд үйлдвэрүүд, гэр хорооллын оршин суугчдын хоорондын харилцааг зохицуулахад чиглэсэн бөгөөд хаягдал агуулах, цуглуулах, тээвэрлэх, бордоо болгох, боловсруулсан хаягдлыг худалдах зах зээл нээнэ” гэж ярилаа.