Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дэд дарга Г.Бат-Очир “Авто замын нөхцөлийг сайжруулах зорилгоор олон ажил төлөвлөдөг ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй. Нийслэлд долоон газарт гүүрэн гарц барьж, хөдөлгөөний ачааллыг сааруулах санаачилга хэдэн жилийн өмнө гаргасан ч ажил хэрэг болгож чадаагүй. Дөнгөж өнөө жил Замын цагдаагийн албаны өмнө анхны гүүрэн гарц барихаар шийдлээ” хэмээн сарын өмнө ярьж байв.
Тэгвэл анхны гүүрэн гарц барих төслийн нээлт, шав тавих ёслол өчигдөр боллоо. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Төмөр замтай огтлолцсон авто зам, уулзварт томоохон гүүрэн гарц барина” гэж тусгажээ.
Эл зорилтын хүрээнд барих гүүрэн гарцыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 2017-2019 онд барьж, ашиглалтад оруулах гэнэ. “Замын цагдаагийн албаны ойролцоо гүүрэн зам барих төсөл”-д 42 сая ам.доллар зарцуулах бөгөөд гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20 дугаар товчоо” групп, зөвлөхөөр манай улсын “Ростов” компани ажиллахаар болсон байна.
“Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн уулзвар, төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцдог энэ уулзварт гүүрэн гарц барьснаар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаас гадна замын нэвтрэх чадвар сайжирч, тэр хэрээр ачаалал буурна” гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр ярилаа. Төсөлд тусгаснаар гүүрэн гарц дөрвөн эгнээ, 16.5 метр өргөн зорчих хэсэгтэй, 470 метр урттай байх аж.
Гүүрэн гарц барих төслийн хүрээнд Их Монгол Улсын гудамж болон Олимпын гудамжийг өргөтгөн, шинэчилж, Нарны замаас уг гүүрэн гарц руу баруун эргэж урагш явах хоёр эгнээтэй, 7.5 метр өргөн, 637 метр урт гүүр болон налуу зам шинээр байгуулах гэнэ. Мөн гүүрнээс Нарны зам руу баруун эргэж буух, Нарны замаас гүүр рүү баруун эргэж урагш явах нэг эгнээтэй зам тавихаар төлөвлөсөн гэнэ.