Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төмөр зам”-тай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц барих төсөл”-ийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих ажлыг эхлүүлж байна. Энэхүү төслийн “Шав тавих ёслол” өнөөдөр төслийн барилгын ажлын талбайд боллоо. Шав тавих ёслолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын эдийн засаг, худалдааны зөвлөх Сүн Вэй Рэн, Хятадын төмөр замын 20-р товчоо групп корпорацийн ерөнхий менежер Чен Хон Вей, НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва, Ц.Байгалмаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Төслийн захиалагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20 дугаар товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм. Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн уулзвар, төмөр зам, авто замтай нэг түвшинд огтлолцдог энэ уулзварт гүүрэн гарц барьснаар хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой юм.
Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй, 2 эгнээ нийт 160у/м гүүр, 110у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөрбетон гүүр барих юм. Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам доллар болох бөгөөд гүүрийг 2017 – 2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Төсөл нь дараахь хэсгүүдээс бүрдэнэ
- Дунд гол, төмөр зам, нарны зам дээгүүр 4 эгнээ, 16.5 м өргөн зорчих хэсэг бүхий 470 ум гүүрэн гарцыг шинээр барих.
- Гүүрийн 2 талын гудамж зам буюу Их Монгол улсын гудамж болон Олимпийн гудамжыг өргөтгөж шинэчлэх барих.
- Нарны замаас шинээр барьсан гүүрэн гарц руу баруун эргэж урагш явах 2 эгнээ, 7.5 м өргөн 637 м гүүр ба налуу замыг шинээр барих.
- Үндсэн шинэ гүүрээс Нарны зам руу баруун эргэж буух 1 эгнээ, 7.5 м өргөн 170 м урт гүүр ба налуу замыг шинээр барих.
- Нарны замаас Үндсэн шинэ гүүр рүү баруун эргэж урагш явах 1 эгнээ, 8.5 м өргөн 270 м урт гүүр ба налуу замыг шинээр барихаар төлөвлөж байна