Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд суудлын авто машинаа түр буюу удаан хугацаагаар байрлуулж, автобусны хөдөлгөөнд саад учруулан, зорчигчийн буух, суух аюулгүй байдалд нөлөөлдөг жолооч олон. Тиймээс ийм зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Тээврийн газраас зургаан дүүргийн нутаг дэвсгэрийн автобусны зогсоолуудад авто тээврийн хяналтын улсын байцаагчдыг ажиллуулж эхэлжээ.
Зөрчил гаргасан иргэнийг Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу (чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд (тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) зогсож, хөдөлгөөнд нь саад болсон тохиолдолд) нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр буюу 24.000-аар торгох шийтгэл ногдуулж байгаа аж.
Автобусны зогсоолд хяналтын байцаагч ажиллаж эхэлснээс хойш 349 жолооч зөрчил гаргасны 196-д нь гэрийн хаягаар нь торгуулийн хуудас илгээсэн байна. Байцаагчид дээрх зөрчил гаргасан иргэний зургийг авч, баримтжуулан, Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлж байгаа гэнэ.
Жолооч нар энэ талаар мэдэхгүй байгаа учраас нийслэлийн Тээврийн газраас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцон, автобусны зогсоолд зогсохгүй байхыг анхааруулж байна.